Монголын санаачилгаар Марс судлаачид чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Mars on Earth” буюу “Дэлхий дээрх Марс (ангараг)” олон улсын (цахим хосолсон) хурал Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн (MARSA) санаачилгаар энэ сарын 13-нд Монгол Улсад болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, ЗГХЭГ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулах уг хуралд сансрын судалгаа, тэр дундаа Марс гарагийн судалгаа шинжилгээгээр дэлхий дахинаа алдаршсан эрдэмтэд болон дэлхийгээс Марс гараг дээр хөл тавихаар сонгогдсон анхны сансрын нисэгчид цахимаар оролцох юм.
Марс гарагийг хүн төрөлхтөн мянга мянган жилийн тэртээгээс сонирхож ирсэн бөгөөд 1610 онд шинжлэх ухааны түвшинд нээн илрүүлсэн байна. Улмаар 1960 оноос хойш дэлхийн улс орнууд технологийн аргаар идэвхтэй судалсаар байна. Марс гарагийг эзэмших хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн холбоос нь Монголын говь байх боломжийн талаар олон улсын эрдэмтдийн дунд хэлэлцүүлж, ойлголтоо нэгтгэхэд “Mars on Earth” хурлын гол зорилго оршино.
Хурал үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Марс гарагийг хүн төрөлхтөнд эзэмшүүлэхийг зорьж буй “Марс нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч Роберт Зубрин, Европын Сансрын төв бол Бельгийн Сансрын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Пийр Эммануэль Паулис, Японы болон Арабын Нэгдсэн Эмират Улсын “Марс” хөтөлбөрийн удирдагч Хироэки Акияама, МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Р.Цолмон тэргүүтэй илтгэгчид оролцож “Марс гарагийг эзэмших хүн төрөлхтний алсын хараа” сэдвээр ярилцана.
Хоёрдугаар хэсэгт АНУ-аас Марс гараг дээр хөл тавих анхны хүнээр сонгогдсон Алисса Карсон, Европын холбоо, Франц улсаас Ангараг руу нисгэхээр бэлтгэгдэж буй Камилиа Форнер, Итали улсаас Ангараг руу нисэхээр бэлтгэгдэж буй Линда Раймонд нар оролцож өөрсдийн туршлага, “Марсын үеийнхэн” сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлнэ.
Хурлын гуравдугаар хэсэгт Америкийн худалдааны танхимын Сансрын зөвлөх Гиллет Гавин, Мэдээллийн технологи, харилцаа холбооны газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Норвегийн сансрын байгууллагын үүсгэн байгуулагч Жанике Микелсен тэргүүтэй хүмүүс Сансрын технологи ба цахим шилжилт сэдвийн хүрээнд ярилцах юм.