Б.ҮЙЗЭНМАА: ХАЙРЫГ ТЭВЭР

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2020-11-05 21:21:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   


Өнгөрсөн онд “Вилла Аврора” тэтгэлгийн эзэн болсон кино найруулагч Б.Үйзэнмаагийн багадаа хагацсан эгч дүү хоёрын арав гаруй жилийн дараах учралын түүхийг өгүүлэх “Хар сүү” хэмээх шинэхэн бүтээл монголчуудад хүрээд удаагүй байгаа билээ. Кино бол өөрийн гэсэн хэлтэй, найруулагчийн дүрсээр зурсан уран зураг. Харин “Хар сүү” кинонд эрх чөлөөт үзэл, сэтгэхүйн тухай томоохон сэдвийн асуудлууд хөндөгдөнө. Нөгөөтэйгүүр говь нутгийн нүүдэлчин монголчуудын аж төрөхүйн нэгэн содон өнгө аясыг кинон дээрээс олж харна.

Найруулагч Б.Үйзэнмаа нь 2004 – 2006 оны хооронд Франкфуртын ойролцоох Майнз хотын их сургуульд Франц хэл, түүх судалжээ. Харин үүний дараагаар Германы алдарт Мюнхений “Телевиз, кино урлагийн их сургууль”-д суралцаж төгсчээ:

Тэрээр 2015 онд Мюнхений олон улсын кино фестивальд оролцож “Олон улсын кино шүүмжлэгчдийн холбоо”-ны нэрэмжит “Fipresci” болон Испанийн Таррагона хотод болсон “REC” олон улсын кино наадмын “Онцгой санаа” зэрэг шагналын эзэн болж байв . Мөн “Над руу ингэж битгий хар” киногоороо Германы “Бавар”-ын кино наадмаас “Шинэ залуу, шилдэг найруулагчийн шагнал” хүртсэн юм. Хүн бүр мэдээж өөр, өөр байдаг. Гэхдээ ахуйд туссан гэрлийг хэрхэн харж, хүлээж авахаас шалтгаалан өөрсдийгөө нээж чаддаг. Тийнхүү кино урлагаар дамжуулан дотоод сэтгэлийнхээ толинд тусах дүрсийг үзэгчдэд харуулж яваа найруулагч Б.Үйзэнмаагийн яриаг уншигч танд хүргэж байна.  

-БИ ӨӨРИЙГӨӨ ХАЙРЦАГЛАХ ДУРГҮЙ-



-Та удаан бодсоны эцэст 22 настайдаа найруулагч болохоор шийдсэн гэсэн. Шийдвэрээ эцэслээд гаргачихсан энэ цэг дээр танд ямар мэдрэмж төрж байсан бэ? 

-Тийм ч их юм бодоогүй л дээ. Хувь хүн болгон өөрийн хийж чадах зүйлээ л хийдэг. Нөгөөтэйгүүр оюун бодол нь цаанаасаа л анхнаасаа төрөлхийн өгөгдчихсөн байсан нэг хүчинд татагддаг болов уу. Харин кино урлаг бол миний хувьд ѳѳрийнхѳѳ үзэл бодлыг илэрхийлэх боломж гэдгийг би анхнаасаа сайн мэдэж байсан. Харин эхлэл нь өөр байж билээ.

-Ямар?

-Аливаа нэг үйл ажиллагааны туршилт ч юм шиг, дэндүү түүхий, огтоос боловсорч чадаагүй байлаа. Гэвч үүнд л кино урлагаар шинийг бүтээж, басхүү өөр зүйлийг эрж олохын утга учир нь оршдог гэж харах болсон. Би ѳѳрийгѳѳ ямар нэгэн байдлаар хязгаарлахыг хүсдэггүй. Мэдрэмж минь кино хийх тэр л зүгт чиглэсэн байдаг. Тийш чиглэсэн хүсэл минь их өндөр. Ийм ч учраас бага багаар урагш алхах хэрэгтэй гэж боддог. Ингэснээр урагшлах жижиг алхмууд илүү том шалгууртай байдгаас гадна намайг улам их хүчтэй болгож өгддөг дөө.

Тухайн үед ингэж л бодсон бөгөөд анх кино хийхийн өмнө төрж байсан энэхүү бодлоо одоо ч хадгалсаар явдаг. Би хүүхдүүдийг их ажигладаг. Тэдний инстикт, мэдрэмжээр нь төсөөллөө лавшруулж туршилт хийхийг оролддог.

-Мэдээж урлагийн гэр бүлд төрж өссөн болохоор өөр чиглэлээр явах боломж байсан болов уу, эсвэл үгүй юу? 

-Миний бодлоор хүн бүр л “уран бүтээлчид” байдаг. Гэтэл ихэнх нь айдасгүй, дүр эсгэхгүйгээр ѳѳрийгѳѳ чѳлѳѳтэй илэрхийлэх урлагийн тѳрлѳѳ олж чаддаггүй юм. Харин аав, ээж минь надад хэрхэн эрх чѳлѳѳтэй байхын үнэ цэнийг өөрсдийн биеэр үлгэрлэж амьдарсан хүмүүс. Орчин нөхцөл маань биднийг яаж ч хайрцаглах гэж оролдсон ч оюун ухаан, бодол сэтгэлгээгээр хэрхэн зад татаж болдогыг ойлгуулсан. Тэд эрх чөлөөг эрхэмлэж, аж төрөхүйн үнэнийг өөрсдийн өнцөгөөс харахыг хичээсэн. Надад ч энэ нь таалагдахаас гадна их урам зориг өгсөн дөө. Тэд минь зөвлөгөө өгч, “чи ингэ тэг” гэж сургамжилдаг байсан ч эцсийн сонголтыг өөрт минь үлдээг байсан. Учир нь хүн болгон өөрийн гэсэн дуу хоолойг сонсож байр сууриа олох хэрэгтэйг аав ээж минь сайн мэддэг байсан хэрэг.

-Дөрвөн настайдаа төрсөн бууцнаасаа хөндийрч алс хол руу чиглэсэн нүүдэл хийсэн. Гэвч чин үнэндээ харь нутаг гэж байхгүй, дэлхий тэр чигтээ бидний гэр шүү дээ. Гол нь хүй цөглөсөн нутаг, бага наснаас үлдсэн дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?

-Тийм шүү. Гэхдээ манай гэр бүл Германд байхад бид үргэлж л харийн хүмүүс байсан. Ер нь хүмүүс “ангилах” их дуртай байдаг. Бусдаасаа дээгүүр түвшинд байхын тулд шүү дээ. Эсвэл бусдад ялгаварлан гадуурхагдах, бусдаас дутах, дор нь орчихвий гэж айдаг зан чанартай нь холбоотой байх. Намайг бага байхад байнгын ийм зүйл тохиолддог байлаа. Харин би үргэлж л сөрж, тэрсэж, тэмцэж ирсэн.

-Тэгж тэмцэхэд юу танд урам өгдөг байсан бэ?

-Юун түрүүнд аав, ээж хоёр минь. Басхүү өвөг дээдэс, үүх түүхийн сургамжаас гадна Монголын минь онгон дагшин байгаль, түүний сүр үзэгдэл, анир гүмхэн говь нутаг, тэнд орших чонон сүрэг, дээгүүр нь дүүлэн нисэх бүргэд шувуу гээд энэ бүхэн багадаа амсдаг байсан гадуурхалт, үзэн ядалт, түүнээс улбаалж гарсан элдэв бэрхшээлийг даван туулахад тусалсан гэж боддог.


-ГОВЬ НУТАГ НАМАЙГ ЦЭНЭГЛЭДЭГ-



-Урлагийн ямар ч төрөл байсан бүтээгчдийн дурсамж, туулсан амьдрал аль нэг сэжмээрээ холбоотой санагддаг. Тийдээ ч таны сүүлд найруулсан “Хар сүү” киног үзээд говийн хүүхэд байсан болов уу гэх бодол төрсөн…?

-Говь нутаг бол үнэхээр гайхамшигтай. Би говийг улам бүр гүнзгий мэдрэхийг хүсдэг. Говь нутаг намайг цэнэглэдэг. Жаахан ч атугай ойлгож, мэдрэхийн тулд урт удаан хугацааг зарцуулах байх. Урт удаан наслах юм бол улам л илүү ойлгож, таних мэдэх биз. Тиймдээ ч хөгшин эмгэн болохоо тэсэн ядан хүлээж сууна даа. (инээв)

-Фатик Акин гэж найруулагчийг та мэднэ дээ. Турк гаралтай Герман найруулагч ч гэсэн бүтээл бүхэнд нь эх орон нь ямар нэг хэмжээгээр тусдаг. Гэхдээ уран бүтээл гэдэг бол бүтээлчээс гадуур оршдог зүйл. Энэ бүхэн дээр ямар бодолтой байдаг вэ?

-Уран бүтээл хүн бүтээлээ л хийдэг. Түүнийгээ бусдад өгчихдөг юм. Харин үзэгчид л дуусгадаг, дүгнэдэг.

-“Хар сүү” киноноос иргэншилд суурилсан нүүдлээс буцаж анхны цэг дээрээ эргэн ирж байгаа эмэгтэйг гаргасан. Түүн дотор соёлын ялгаа гэхээс илүүтэйгээр сохроор аливаад итгэх консерватизмын эсрэг утга агуулагдаж байсан. Энэ том сэдвийг хөндөж кино хийх болсон шалтгаанаа яриач?

-Киноны дүр болох Весси нь эгч  Оссидоо нэг удаа ингэж хэлдэг. “Чиний наад ѳв уламжлал ч гэж дээ, ээ хѳѳрхий дѳѳ” гэж маргадаг. Осси үүнд ичиж, эргэлзэж эхлэх ба үнэхээр “Тэр үнэн юм хэлж байна уу, би буруу бодож байна уу” гэж ѳѳрѳѳсѳѳ асуудаг.

-Ѳв соёл, уламжлалт заншил гэдэг утгагүй зүйл гэж үү?

-Мэдээж үгүй. Гэхдээ утгагүй ч зүйл байж болно. Юу ч байж болох талтай шүү дээ. Гагцхүү хүмүүс бие биентэйгээ буруу харьцах нь л нэгнийгээ гомдоож, сэтгэл зүрхийг нь шархлуулдаг гол шалтгаан юм. Биеэ тоож, ѳѳрийгѳѳ бусдын дээгүүр тавьж хүмүүсийг шүүх гэж оролдох маш буруу үйлдэл мөн. Өв соёл, уламжлалыг үгүйсгэж зѳв, бурууг нь шүүж болно. Харин үүнээс ѳмнѳ ѳѳрийгѳѳ үгүйсгэж, ѳѳртөө нэг ч гэсэн удаа шүүмжлэлтэй  хандах зоригтой, хүч чадалтай байх хэрэгтэй.

-Мэдээж сүү цагаан өнгөтэй. Гэхдээ биеийн дотроос гадагшлахдаа тэгж харагдаж байгаа ч юм билүү гэх бодол төрсөн шүү? 

-Эмэгтэй хүний ѳнгѳ тѳрхийг тодорхойлох боломжгүй гэдэгт би итгэдэг. Цагаанаас хар хүртэл бүгд бий. Үүнд хязгаар гэж үгүй.  

-Надад жирэмсэн эгч Осси нь өөр дээрээ сүү асгаж байгаа хэсэг их үзэсгэлэнтэй сайхан санагдаж байсан. Танд “Хар сүү” киноны аль сцен хамгийн их таалагддаг вэ? 

-Бүх зураг авалт, монтаж хийгдэж байхад би хамт байдаг болохоор ямар ч хэсгийг нь тод санадаг. Харин эвлүүлж байхдаа заримдаа бүүр үзэн ядаж, заримдаа хайр хүрдэг сцен байгаа. Заримдаа зүгээр л хогийн саванд хаямаар санагддаг. Тэр үед гэнэт л сэтгэл сэргээд сайхан болчих нь бий. Ер нь бол нэг дээш дүүлсэн, нэгээхэн чөлөөнд доош унасан мэдрэмжүүд байнга төрдөг.

-Манай ертөнцөд ариун дагшин эрдэнэ байлаа гэж бодоход тэр нь кино урлаг дотор агуулагдаж байдаг гэдэгт итгэх үү? 

-Тэгэлгүй яахав, ойлгомжтой. Ямарваа нэгэн бодол юм уу санааг бий болгож эрх чөлөөг олсноор жижигхэн ишнээс дэлбээ цухуйж цэцэглэхийн адил тэр нь “нандин эрдэнэ” болж хувирдаг. Тэр нь кино урлаг.


-ЧИ ТУРШИЖ ҮЗЭХГҮЙ Л БОЛ ТЭР ЗҮЙЛ ЧИНЬ АМИЛАХГҮЙ-



-“Над руу битгий ингэж  хараач”, “Хар сүү” кинонуудаас нэг л тийм эмх цэгцгүй үйл хөдлөлийн дотор эмх цэгцтэй үзэл багтаж байх шиг мэдрэмжийг авдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Киноны ѳѳрийн гэсэн хэл буюу илэрхийлэх арга барил нь надад их сонирхолтой санагддаг. Кино бол харьцангуй залуу урлаг шүү дээ. Дѳнгѳж 100 гаруй настай. Тиймдээ ч хүмүүс нийгэмших “процесс” дунд түүх, улс тѳр гэх мэтийн нѳлѳѳгѳѳр хэрхэн киноны хэл бүтэж, нээгдэж байгаа сонирхолтой санагддаг. Жишээлбэл Райнер Мариа Фассбендер хэмээх 70-аад оны найруулагч бий. Түүний киног үзэх бүрт хэлийг нь ойлгож, тухайн үеийн дэлхийг харж, тэр үеийнхний мэдрэмжийг хүртэж, ажиглах чадах боломж үзэгчдэд нээгддэг. Энэ л цаг хугацааны ч гэж хэлчихэд болмоор холбоос нь надад сонирхолтойгоос гадна таашаал төрүүлдэг. Хэрвээ би цаашид сайн бүтээл гаргалаа гэж бодоход магадгүй 50 жилийн дараа л ирээдүйд орших хүмүүс энэ үеийн тухай илүү ихээр ойлгож мэдэхийг тулд киног маань үзэх болов уу даа.

-Дотоод сэтгэлд тань байгаа ч гэсэн гаргаж чадахгүй байгаа мэдрэмж, төсөөллийг киногоороо илэрхийлж чаддаг уу?

-Чадна. Кинонд ямар нэгэн хууль дүрэм гэж үгүй. Чи туршиж үзэхгүй л бол тэр зүйл чинь амилахгүй, өөрөө ч илэрхийлж чадахгүй болно. Гэхдээ зарим тохиолдолд илэрхийлж чадахгүй байгаа нь өөр чинь тустай ч байж мэдэх юм.

-“Хар сүү” кино олон улсын кино фестивалиудад гаргахаар төлөвлөчихсөн байгаа юу?

-Бид “Хар сүү” киног “Берлинале” наадамд гаргасан. Дараа нь шууд Саудын Араб явах байсан. Онгоцны тасалбараа хүртэл авчихаад анхны “Red Sea“ кино наадамд ѳрсѳлдѳх гэж буй учир бэлтгэлээ сайтар хангачихсан байлаа. Олон жилийн дараа анх удаа эрэгтэй, эмэгтэй үзэгчид нэг дор сууж киногоо үзэх түүхэн тохиолдол тус наадмын үеэр бүтээгдэх байсан болов “корона”-гийн асуудлаас болоод наадам цуцлагдсан. Уг нь энэхүү наадмыг маш их сонирхож тэсэн ядан хүлээж байсан. Мөн Япон, Тайdэй, Израиль, Америк зэрэг улсад уригдсан байсан ч ихэнх нь цуцлагдаг, заримд нь цахимаар л оролцсон. Үнэхээр харамсалтай байсан шүү. Кино наадмуудаар театрт гарч, үзэгчид болоод шүүмжлэгчдэд үнэлэгдэх эрч хүчийг буруулсан даа. Удахгүй бид “Хар сүү” киног Хонгконг улсад гаргана. Дараа нь Таллинн, Барселона улсад гаргана. Парист гаргах байсан нь мөн цуцлагдсан. Харин Норвегид яг одоо гарч байгаа. Ер нь дараагийн бүтээл дээ анхаарал хандуулсан нь хамгийн зөв зам болоод байна даа.

-Жинхэнэ урлаг хар зөнгөөрөө л бүтдэг. Бүтээгчээсээ дээгүүрт оршдог гэх нь бий. Та киногоо хэн нэгэнд зориулан хийж байсан уу? 

-Би хүнтэй ярилцаж суух дуртай. Кино ч мөн үүнтэй яг адилхан. Кино чинь үзэгчтэй яриа өрнүүлдэг байхгүй юу. Нэг ёсондоо дэлгэц, үзэгчид хоорондоо харилцан ярилцаж байна гэсэн үг. Дэлгэц дээр гарч буй зураглал нь үзэгчдэд таалагдахгүй байсан өөрийгөө ойлгуулахын тулд кино бүтээгддэг. Урлагийг амьд гэж үзвэл чадах зүйл нь энэ. Тэр үргэлж л оршсоор байна.

-Мюнхений “Камерн”-ы театрт тавигдсан “Шөнө над дээр гэрэлтсэн нар” хэмээх жүжиг бичиж, найруулсан юм билээ. Тус жүжгийн тухай яриач? 

-Би ѳѳрсдийнхѳѳ Германд ирсний дараах үеийнхээ тухай зохиол бичээд аавтайгаа цуг тайзан дээр тоглохыг хүссэн. Аав минь зургаа зураад л... Би хажууд нь харж зогсоно. Өөрийнхөө өнцөгөөс тухайн үеийн амьдралаа харуулахыг зорьсон. Миний тоглолтын яриа, үйл хөдлөлийн хариуд аав том зотон дээр буулгасан зургаараа хариу барьж, надтай уран зургаар ярилцаж байсан. Өнгөрсөн амьдралаа эргэн дурсаж, сөхөн харахад хоёуланд маань хэцүү байлаа. Гадаа нацистууд орилолдон турхирч байхад аавыгаа хүлээн айж суусан охиныхоо дурсамжийг сонсож суугаа хүнд юу эс бодогдохыг тэр гэхэв дээ. Хүмүүс юу бодох бол, хүнд хэцүү үеэ эргэн дурсахад нүдэнд нь тодрох айдас, шархалж буй сэтгэлийнх нь тухай би мэдэж басхүү мэдэрмээр байсан учраас энэ жүжгийг бүтээсэн.

Аавын уран зураг надад амьдралыг харах зам шиг санагддаг. “Камерн”-ы театрт зурсан 2х4 метрийн хэмжээтэй тус зургууд нь надад лав хүчтэй мэдрэмж төрүүлдэг.

-Цаашид жүжгийн зохиол бичих үү, эсвэл яг одоо ч бэлэн жүжгийн зохиол биччихсэн байгаа юу? 

-Мэдээж бичих л байх. Магадгүй бусдын зохиолд тоглож ч болно. Ямартаа ч жүжгийн зохиолыг байнга л сонирхож уншдаг даа.

-Хүүхэд байхдаа та хүмүүсийг их ажигладаг байсан уу? 

-Тийм. Гэхдээ бусад хүүхдүүд их сайн ажиглагч байлаа. Би бол хүн дууриахдаа сайн байсан даа.

-Та “Himmеl Voller Geigen” кинон дээр хийлийн багштайгаа хамт “Задгай цагаан” дууг дуулдаг хэсэг бий. Тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлийг эргэн дурсаж яривал…?

-Тэр эмээ их мундаг хүн байсан. Би түүх их сонирхдог л доо, Германы улс болон, дэлхийн хоёрдугаар дайн, нацистуудын тухай гээд л... Гэтэл тэр эмээ тухайн үед 13 настай охин байсан юм билээ.  Тэс ондоо нийгэм, огт өөр ертѳнцөнд бага нас нь өнгөрсөн. Би киногоор дамжуулж түүнтэй харилцахыг хүссэн. Эхэндээ бид хоёр адилхан юм үгүй шиг санагдаж байсан ч сүүлд нь олон төстэй зүйлс байсанд гайхширсан шүү. Би 26-тай, тэр 89 –тэй байлаа. Тиймдээ ч тус киног хийх үед бид хамтдаа 1933 он руу аялсан гэж хэлж болно. Эмээд тухайн үед тохиолдсон бүхнийг би цуг туулсан юм шиг мэдрэмж надад төрсөн. Түүний нүдээр харж, мэдэрч чадсан учраас л би Германы түүхийг илүү сайн ойлгож авсан.

-Бүтээлүүдэд тань “хайр” хэмээх өргөн цар хүрээтэй сэдэв туссан байдаг. Та өөрөө “хайр”-ыг кино дүрсээр бус үгээр тодорхойлвол хэрхэх вэ? 

-Хайр… Хайрыг чадахынхаа хэрээр сайн тэвэр.

-Авга ах нар тань кино найруулагч гэсэн. Энэ чиглэл рүү ороход тэдний болон аавын тань нөлөөлөл байсан уу?

-Би ахтайгаа хамт үргэлж л кино үздэг байлаа. Хамгийн гол нь дууссан хойно нь тухайн киноныхоо талаар ярьж, хэдэн цаг маргалддаг байсан. Тухайн үед өөрөө кино хийнэ гэж ер төсөөлж байгаагүй. Харин өөрийгөө сайн зохиолч болно хэмээн харж байсан. Тэгээд л нэг өдөр ах маань “Чи кино урлагийн сургуульд орохгүй юм уу” гэж асуусан.

-Та хэрхэн хүлээж авсан бэ?

-Би зөвшөөрсөн. Тэгээд л энд байна даа.




-Одоо та Монголд очиж аж төрөхийг хүсдэг үү? 

-Үргэлж л энэ хүслийг тээж явдаг. Нэг л өдөр боломж олдоно гэж найддаг. “Хар сүү” бол миний Монголд хийж бүтээх кинонуудын эхнийх нь юм.

-Энэ онд цар тахал гараагүй байсан бол ирэх байсан болов уу гэж таамаглаж байна. Ер нь хилийн чинадад удаан суучихаад эх орон руугаа очих догдлол, онгоцноос буугаад эх орондоо хөл тавихийн сайхныг та мэднэ. Тэр агшин хормуудын тухай ярьж өгөөч?

-Нутагтаа очоод онгоцноос буухад нэгэн зѳѳлѳн салхи хацрыг минь илдэг.  Тиймээ, би түүнийг хэн болохыг сайн мэддэг.

-Ер нь нүүдэлчдийг юу “жинхэнэ нүүдэлчид” болгодог юм болоо? 

-Хѳдѳѳ нар салхинд гандаж, хѳх тэнгэр доор ганцаар олон жил амьдарсан хүн л хариулж чадах байх. Гол нь нүүдэлчдийн ѳв соёл устах аюулд ороод буйг би сайн мэднэ. Дэлхийн дулаарал, байгальд хор учруулах хүмүүсийн үйл ажиллагаанаас болж говь нутагт амьдрах нөхцөл доройтож байна. Нүүдэлчдийг, малчдыг хамгаалж, тэдэнд тулгамдсан асуудлуудыг шийдэж өгөх хэрэгтэй. Нүүдлийн соёл иргэншил бол монголчуудын “үндсэн соёл” мөн билээ.

 

Холбоотой мэдээ