Энэ онд 272 айлын орон сууц ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-05 16:56:42
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монголын уул уурхайн салбарт нийгмийн хариуцлагын жишиг тогтоогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтээн байгуулалт сүүлийн жилүүдэд нийгмийн чиглэлд түлхүү өрнөж байна. Эрдэнэт үйлдвэрийн анхдагч ажилчдын нэгэн бүтэн үе шинэчлэгдэж, залуу ажилчид нийт уурхайчдын 60 гаруй хувийг эзлэх болсон нь орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн шалтгаан юм.

Өнөөдөр Эрдэнэт хотод үйлдвэрийн ажилчдын орон сууцны “Уурхайчин-1, 2, 3” цогцолбор хороолол сүндэрлэж байна. Эко стандарт бүхий эдгээр гурван хороолол ашиглалтад орсноор 1372 айл орон байртай болох юм. Энэ жил ”Уурхайчин-1” хорооллын 272 айлын эхний орон сууц ашиглалтад орно. Харин үлдсэн орон сууц нь 2021, 2022 онд эздэдээ очих юм.

Нийгмийн чиглэлийн дараагийн том бүтээн байгуулалт нь 2400 хүний суудалтай Соёл, спортын цогцолбор бөгөөд одоогоор дөрвөн давхрын цутгалт хийгээд байна. Уг цогцолборыг ирэх онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Мөн Монгол Улсад ногоон хөгжлийг эрчимжүүлэх Засгийн газрын бодлоготой уялдуулан “Ногоон хөгжлийн төв” барьж байна. Сургалтын заал, танхим, амралтын байр бүхий энэ бүтээн байгуулалт ирэх онд ашиглалтад орно.

Түүнээс гадна Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих Засгийн газрын 224 дүгээр тогтоолын дагуу Орхон аймгийн иргэд, уурхайчдыг хүнсний ногоо, мах, сүүгээр хангах төсөл хэрэгжиж байна. Махны 600 тонн, ногооны 2000 тоннын зоорь барьж байгуулах ажил эхлэл шатанд явна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн музей, 280 хүүхдийн багтаамжтай орос цэцэрлэгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтыг төлөвлөн ажиллаж байна гэж тус үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ