Монгол, Куба улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-30 15:01:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг өнөөдөр хүлээн авч уулзав.


Манай улс Латин Америкийн орнуудаас хамгийн түрүүнд буюу 1960 оны 12 дугаар сарын 07-нд БНКУ-тай дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 60 жилийн түүхэн ой тохиож байгаа юм.


Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хоёр улс өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, урлаг соёлын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн ч цар тахалтай холбоотойгоор зарим үйл ажиллагаа хойшилсон. Гэхдээ хоёр талын хүчин чармайлтаар хэд хэдэн ажлыг зохион байгуулсан талаар ноён Элчин сайд Раул Дэлгадо Консэпсион танилцууллаа. Тухайлбал, тавдугаар сард Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Кубад төгсөгчдийн холбоотой хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгуулж, “Монголын нууц товчоо” бүтээлийг испани хэл дээр дахин хэвлүүлжээ.


УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламентуудын үүрэг, оролцоо чухлыг онцлоод УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн зүгээс бүхий л санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.


Элчин сайд Раул Дэлгадо Консэпсион хоёр талын хамтын ажиллагаа эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд баяртай БНКУ 2019 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталж, эдийн засгийг нээлттэй болгох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах заалт тусгасан талаар дурдлаа. Уулзалтаар талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ