Самрын их ургацын жил

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-10-27 13:44:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын “ойн дагалдах баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг самар гэх мэтчилэн тодорхойлжээ.


Манай оронд  612.9 мянган га талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургадаг. Улсын хэмжээний ойн сангийн 5.2 хувьд хуш мод (самар) ургадаг. Хуш мод нь цилиндр хэлбэрийн титэмтэй, нас гүйцсэн нь 30-40 метр өндөр, нэг метрээс дээш диаметртэй, 400 хүртэл жил насалдаг, 25-45 насандаа үр өгч эхэлдэг, үрийн жил нь 5-7 жил тутамд давтагддаг. Харин ургах хугацаа нь 2-4 жил байдаг онцлогтой болохыг судалж тогтоожээ.


Хуш модны самрын  30 хувийг аж ахуйн аргаар болон үйлдвэрлэлийн аргаар бэлтгэвэл зохимжтой. Байгальд 40 хувь нь үлдвэл хэвийн нөхөн сэргээлт гэж үзэх боломжтой.  Тэрхүү байгалийн жам ёсны нөхөн сэргээлтийн үр дүн  40-50 жилийн дараа гарч үр жимсээ өгнө. Харин үлдсэн 30 хувиар нь ойн ан амьтан хооллох учиртай гэж мэргэжилтнүүд зөвлөдөг юм байна.


Жил бүрийн 9 дүгээр сарын 10-наас 3 дугаар сарын 10-ны хооронд ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар ойгоос самар бэлтгэх хуулийн хугацаатай.  БОАЖ-ын сайдын А/577 тушаалын 1 дүгээр хавсралтаар энэ жилийн хувьд “үйлдвэрлэлийн зориулалт”-аар ой бүхий   Архангай, Хөвсгөл, Төв, Булган, Хэнтий, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн 25 сумаас самар бэлтгэх боломжтой гэжээ. Манай улсад үйлдвэрийн зориулалтаар самар бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй 40 аж ахуйн нэгж байдаг. Тэд дээрх үйл ажиллагааг явуулах боломжтой. Түүнээс гадна 1200 “ойн нөхөрлөл” байдаг. Тэднээс ойн нөөцдөө  хуштай самар бэлтгэх боломжтой зарим нөхөрлөлийг мэргэжлийн самар бэлтгэгчид гэж үзэж болох юм байна. Сайдын дээрх тушаалын хоёрдугаар хавсралтаар нэр бүхий 8 аймаг дээр Баян-Өлгий, Увс хоёр аймгийг нэмээд 38 сум, нийслэлийн ногоон бүсээс  “ ахуйн зориулалт”- аар самар түүх боломжтой хэмээн дурджээ. Ахуйн зориулалтаар самар түүх иргэдийн хувьд 25 кг самрыг  кг тутамд  нь 500 төгрөг, нийт 12500 төгрөг тушааж түүхийг үүрэгжүүлсэн байх юм.


Манай улсын хэмжээнд сайдын тушаалын хоёр хавсралтад дурдагдсан 10 аймгийн 63 сум, нийслэлийн ногоон бүсэд самар ургадаг.  Самрын хувьд 2-4 жил тутамд их ургацын жил байдаг аж. Ийм их ургацын жилүүдэд мэргэжилтнүүд 2015, 2017 онуудыг оруулах юм. Нэрлэгдсэн жилүүдэд дунджаар жилд 6300 тн самар бэлтгэж байжээ. Харин 2020 оныг их ургацын жил байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Ийм учраас дээрх жилүүдийн хэмжээний самар бэлтгэх боломж байгаа бололтой. Сайдын тушаалд хавсралтаар нэр дурдагдсан аймаг, сумын ИТХ, тухайн ойн бүс дэх Хушны нөөцийн санг харгалзан үзэж үйлдвэрлэлийн зориулалтаар  бэлтгэх болон ахуйн аргаар түүж болох вэ гэдэг эцсийн тоо хэмжээг тогтоодог байна. Хуш модны нөөцтэй ойн бүсээс 2021 оны 3 дугаар сарыг  хүртэл самар бэлтгэх, түүх боломжтой. Гэвч ойн дагалдах баялаг самрын 40 хувийг байгальд нь үлдээж дээрх тоо, хэмжээг тогтоох учиртай. 


Ахуйн зориулалтаар түүчихээд дамлан худалдаж ашиг олохыг хориглодог аж.  Хуулиар хорьсон үйлдлийг, үйлдсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 нэгжээр торгох хууль, эрх зүйн зохицуулалтай юм байна. Самар экспортлох нь хуулиар нээлттэй гэнэ. Гэхдээ  энэ талаарх тодорхой мэдээлэл өнөөдрийн байдлаар алга. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэзээ хаанаас хэнээс  авч болох вэ гэдэгт хариулт хэрэгтэй байна.   

Холбоотой мэдээ