Сирид болсон цуврал халдлагын улмаас 145 хүн амиа алджээ

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2016-05-24 12:22:12

ДАМАСК. /SANA/. Даваа гарагийн өглөө Сирийн хоёр хотод болсон цуврал дэлбэрэлтийн улмаас 140 гаруй хүн амь үрэгдлээ. 

Сирийн нутгийн баруун хойд хэсэгт Газар Дундын тэнгисийн эрэгт байрладаг Тартус болон Жабла гэсэн хоёр хотод дэлбэрэлт болжээ. Энэ хоёр хот Ерөнхийлөгч Б.Асадын Засгийн газрын хяналтад байдаг юм. 

Лондонд төвтэй Сири дэх Хүний эрхийн байдлыг ажиглах байгууллагын мэдээлснээр, уг халдлагад таван амиа золиослогч оролцохдоо тэсрэх бөмбөг ачсан хоёр машиныг ашигласан бөгөөд террорист ажиллагааны улмаас 145 хүн амь үрэгдсэн байна. Амь үрэгдэгсдийн ихэнх нь хүүхдүүд болон эмэгтэйчүүд байжээ.

Цуврал хоёр халдлага нь хүмүүс олноороо цугладаг эмнэлэг болон автобусны буудлын орчим болсон байна.

“Лалын улс” бүлэглэлтэй холбоотой мэдээллийн агентлаг болох “Ама”-гийн мэдээлснээр, цуврал халдлагууд нь Ерөнхийлөгч Асадыг дэмждэг Сири дэх лалын шашинтнуудын цөөнх болох алавитууд олноороо цугласан газруудыг онилсон ажээ.

Харин Сирийн эрх баригчид Ахрар ал-Шам хэмээх лалын шашинтнуудын хөдөлгөөнийг энэ халдлагыг зохион байгуулсан хэмээн буруутгаж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сирийн удирдагч Б.Асадад илгээсэн эмгэнэлийн цахилгаан утсандаа “террористуудын аюултай үйлдэлд хариу өгөхөд нь Сиритэй хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ онцлон дурдаад “гэм зэмгүй хохирогчдын цусаар гараа угааж буй гэмт хэрэгтнүүд ял шийтгэлээс хэзээ ч бултаж чадахгүй” гэжээ.

Х.Сарнай




 

Холбоотой мэдээ