Израилд коронавирусний вакциныг хүний биед туршина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-10-26 14:31:05

ЙЕРУСАЛИМ. /Reuters/. Израилын Батлан хамгаалах яамны удирдлага дор тус улсын Биологийн судалгааны хүрээлэнд гарган авсан вакциныг ирэх 11 дүгээр сарын 1-нээс хүний биед туршихаар болжээ.


Биологийн судалгааны хүрээлэн BriLife” вакциныг энэ оны гуравдугаар сараас амьтад дээр туршиж эхэлсэн бөгөөд уг вакцины дараагийн шатны туршилтыг явуулах зөвшөөрлийг Эрүүл мэндийн яам болон хяналтын хорооноос авсан байна.


Батлан хамгаалах яамны мэдээлснээр, эхний туршилтаар 18-55 насны 80 сайн дурын оролцогчийн биед вирусний эсрэг биет үүсэх эсэхийг гурван долоо хоногийн турш ажиглана. Мөн хоёрдугаар шатны туршилтад 18-аас дээш насны 960 хүнийг 12 дугаар сараас оролцуулахаар төлөвлөжээ.


Эхний туршилтууд амжилттай явагдвал гуравдугаар үе шатны туршилтыг ирэх оны 4, 5 дугаар сард явуулж, 30 мянган сайн дурын хүнийг оролцуулсны дараа вакциныг олноор үйлдвэрлэх зөвшөөрөл авах ажээ.


Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар “COVID-19”-ийн ямар нэгэн вакциныг батлаагүй байгаа боловч “Pfizer”, Johnson & Johnson, AstraZeneca”, Moderna зэрэг хэд хэдэн компанийн вакцины туршилт сүүлийн үе шатандаа ороод байгаа юм.


Есөн сая хүн амтай Израилд орон даяар хоёр дахь удаагаа хөл хорио тогтоосон хэдий ч халдварын тохиолдлын тоо буурч байгаатай холбоотойгоор хязгаарлалтуудыг сулруулж эхэлжээ.


Израилд хэдэн долоо хоногийн өмнө өдөрт халдварын 9000 гаруй тохиолдол шинээр илэрч байсан бол өнгөрсөн бямба гарагт 692 хүн халдвар авсан нь тогтоогдсон байна.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Израилд 300 мянга гаруй хүн халдвар авч, 2372 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ