Байгаль орчны хяналтын цэгүүд нэмэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-10-26 11:34:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ногоон бүс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Бага Хуандайн эх, Чингэлтэй дүүргийн Залаатын амны дээд хэсэгт байгаль орчны хяналт, мониторингийн ажиглалтын цэгүүдийг шинээр байгууллаа.

Нийслэлийн ногоон бүс дэх хянах цэгүүд нь өмнө нь Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт модон байгууламжтай байсан бол одоо анх удаа төмөр хийцийн цэгүүдийг байгуулж байна

Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ойн түймэр, хулгайн ан, хууль бус мод бэлтгэл, ойн дагалт баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэх зэрэг байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нөхцөл бүрдэж байна. Мөн цэгүүдийг байгаль цаг уур, амьтан, ургамлын мониторинг, тандан судалгааны зориулалтаар судлаачид ашиглах боломжтой аж.


Хяналтын цэгүүдийг нийслэлийн Байгаль орчны газар, НМХГ-ын даргын хамтран баталсан “Дүйцүүлэн хамгааллын хүрээнд ААН-үүдийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх ажил”-ын төлөвлөгөөний дагуу “Цээцээ импекс", “Өвөр харзат”, “Скорпион сервис” ХХК-иуд 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан хөрөнгөөрөө хийж гүйцэтгэжээ. 


Холбоотой мэдээ