Г.Алтанбагана Будапештын Их Дуулгын мөнгөн медаль хүртэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-10-26 07:37:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй жүдо бөхийн Их Дуулга тэмцээний сүүлийн өдөр манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медалийн эзэн болов.


Азийн наадмын мөнгөн медальт, Армиудын Дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Алтанбагана энэ удаагийн Их дуулгад Францын жүдоч Алексис Матьё, Бразилын бөх Рафаэль Мачедо, Сербийн ДАШТ-ий алт, хүрэл медальт Неманья, Нидерландын жүдоч Ноел Ван Т Энд нарыг дараалан ялсан юм.



Тэрбээр аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Михайл Игольниковт цэвэр ялагдаж аман хүзүүдлээ. Түүний жинд хүрэл медалийг Азербайжаны жүдоч Мехдиев Маммадали, Испанийн бөх Шэразадшвили Николоз нар тус тус хүртэв.


Монголын шигшээ баг, Будапештын Их Дуулгад оролцсон 61 орны багаас 1 мөнгө, хоёр хүрэл, 2 шагналт V байр эзэлсэн амжилтаар 10 дугаар байрт шалгарлаа.



Холбоотой мэдээ