Хүнс, эрүүл ахуйн багцыг 7000 өрхөд тараана

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-23 15:06:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Covid-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг нийслэлийн 7 дүүрэгт  хэрэгжүүлж эхэллээ.


“КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Гүүд Нэйборс”, “Ногоон Ази” ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачилсан энэхүү төслийг Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах эерэг хандлагатай видео, постерууд бэлэн болжээ. Түүнчлэн 7000 өрхөд хүнс, эрүүл ахуйн багц тараахаас гадна 3500 өрхийг хөтөлбөрт хамруулж, 2800 эмч, эмнэлгийн ажилтанд хамгаалах хэрэгсэл, 2100 өрхөд гар угаах угаалтуур өгч, өрх толгойлсон 49 эмэгтэйг түр ажлын байраар хангана. Төслийг ирэх 12 дугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжүүлнэ.


Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар хэлэхдээ, Цар тахлаас сэргийлж, сургууль, цэцэрлэгийг хааснаас үүдэн гэр бүл, хүүхдийн амьдралд гарсан өөрчлөлтийн нөхцөл байдалд түргэвчилсэн үнэлгээ хийхэд хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага 34,3 хувь,  гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын тоо 217,4 хувиар өсжээ. Нэн ядуу түвшинд амьдралтай 90 айлд хүнс, эрүүл ахуйн тусламж хүргэхэд цар тахлын өмнөх үеийн байдлаас хүнд нөхцөлд орсон байв. Заримд нь орон гэр олгож, эрүүл мэнд, халамж, газрын албанд зуучилж өглөө” гэв.

 

Холбоотой мэдээ