Эм үйлдвэрлэгч, импортлогчийн хүлээх хариуцлагыг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-23 13:29:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.


Хуулийн төслийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулав. Төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний  чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулжээ. Мөн эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж нэвтрүүлэхээр тусгасан байна.


Мөн эмийн зохистой хэрэглээ, сонголт, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмийн жорыг заавар удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллага, эмч төлөөлөгч нарын эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх  үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгажээ. Энэ хүрээнд иргэд эм гэж төөрөгдөн хэрэглэдэг эрүүлжүүлнэ, тураана, таргалуулна гэсэн хэт дөвийлгөсөн зар сурталчилгаатай бүтээгдэхүүний зохицуулалт сайжирна гэж Т.Мөнхсайхан сайд танилцуулгадаа дурдлаа.


Түүнчлэн, эмийн хангамж, хүртээмж, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэхээр эмийн үнийн ил тод байдлыг хангах, гадаад, дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрт эмийн үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эмийг хүлээн авах эрх зүйн орчныг шинэчлэхээр тусгасан байна. 


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ДЭМБ-ын 2013 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад борлуулж буй эмийн үнэ дэлхийн дунджаас хэт үнэтэй, 3 эм тутмын 1 нь хуурамч байна дүгнэлт гарсныг онцоллоо. Тэрбээр, “Эмч өвчтөнд зөв эм бичиж өгсөн эсэхийг хянадаг систем дэлхийн нийтэд бий. Энэ тогтолцоо манайд маш сул” хэмээн шүүмжлэв.


ДЭМБ-аас манай улсад 2013, 2017 онд судалгаа хийжээ. 2013 онд эмийн үнэ дэлхийн зах зээлээс 5-6 хувь, 2017 онд  3-5 дахин илүү үнэтэй байна гэсэн  удаа судалгаа байгааг ЭМЯ-ны удирдлагууд онцолж байлаа. 3 эм тутмын 1 нь хуурамч гэдэг нь Монгол Улсад бүртгэгдээгүй эм оруулж ирсэн байна гэсэн үг хэмээн тайлбарласан юм.


Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон эмийн 30 хувь нь эзэндээ хүрэхгүй байна хэмээв. Тэрбээр, “Хуульд эмийн бие даасан агентлаг байгуулахаар тусгасан байна. Агентлаг хөнгөлөлттэй эмийг зөв хэрэглэгчдэд нь хүргэдэг, иргэдэд үйлчилдэг байх ёстой. Хэн нэгэн хүний эрх ашгийг хамгаалдаг агентлаг болж болохгүй” гэлээ.


Мөн УИХ-ын гишүүд Эмийн агентлаг нь дэргэдээ эмийн лабораторитой байх нь чухал гэдгийг хэлж байлаа.


Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Чуулган 14.00 цагаас үргэлжилж, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.

Холбоотой мэдээ