Д.Отгонсүрэн:Монгол бичиг бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-10-23 10:54:46
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын зөвлөх багш Д.Отгонсүрэнтэй ярилцлаа. Тэрээр босоо монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, иргэдэд ухуулан таниулах, хойч үеэ сургаж бэлтгэхэд маш их хувь нэмрээ оруулж яваа нэгэн.

Өнгөрсөн долоо хоногт тэрээр шавь нартайгаа хамтран Дундговь аймгийн Хулд суманд “Монгол бичиг бидний ирээдүй” өдөрлөг зохион байгуулж, олон гавьяат, эрдэмтэн, багш нарыг урин оролцуулж, сумын иргэдийг соён гэгээрүүлэх сайхан үйл хэргийг хэрэгжүүлжээ. Тиймээс түүний энэ ажил үйлсийн талаар ярилцлаа.


-Хулд суманд олон түмнийг соён гэгээрүүлж сайхан ажил зохион байгуулсанд талархлаа илэрхийлье. Энэ ажлынхаа талаар танилцуулна уу?

-Баярлалаа. Ер нь бол би багшилсан үеийнхээ өөрийн болон шавь нарынхаа амжилтаар нэг ном бүтээж, түүнийхээ нээлтийг хийх талаар шавь нартайгаа зөвлөлдөж байгаад, зөвхөн номын нээлт гэлтгүй нэлээд өргөн хүрээнд өдөрлөг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Тэгээд Хулд суманд “Монгол бичиг бидний ирээдүй” гэсэн өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөг зохион байгуулсан нь монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, тэдэнд эх бичгээ сурах хүсэл эрмэлзлэл төрүүлэх, “Үндэсний энэ бичиг маань манай улсын тусгаар тогтнолын баталгаа юм шүү” гэдгийг ойлгуулах зорилготой байсан. Зохион байгуулагчид бид өөрсдөө “Монгол бичиг бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа” гэсэн бичигтэй цамцаар ижилсэж, тухайн үеийн бүх л уур амьсгалыг энэ зорилго руугаа чиглүүлэх гэж хичээсэн.

Их өргөн хүрээний, олон нөлөөллийн ажлуудыг зэрэгцүүлсэн, сумын ард иргэдийг соён гэгээрүүлсэн, нэр хүндтэй, олны танил хүмүүс оролцсон урлаг соёлын цогц үйл ажиллагаа боллоо. Оролцсон бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байгаа.  

Өдөрлөг маань “Бийрийн сургалт”-аар эхэлсэн. Энэхүү үйл ажиллагааг өөрийнхөө 20 шавьтай, Хулд сумын сургуультай хамтран зохион байгуулсан. Шавь нар маань монгол бичгээр олон жил аймаг, улсын чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргаж байсан, одоо зарим нь энэ мэргэжлээр ажиллаж, зарим нь суралцаж байгаа хүмүүс.

Бүгд л бийрээр бичнэ, сургалт хийх мэдлэг чадвар өндөртэй ийм хүмүүс байгаа юм. Сургалтад маань аймгийнхаа 15 суманд ажилладаг монгол хэлний 50 багш, Хулд сумын багш нар, монгол хэл, бичгийн дугуйлангийн сурагчид, төрийн албан хаагчдын төлөөлөгчид оролцсон.

Мөн энэ үеэр сумынхаа иргэд, сурагчдын дунд “Монгол бичгийг хэн сайн мэдэх вэ?” АХА тэмцээн зохион байгуулж, тэдний мэдлэгийн хүрээг тэлж, нөлөөлөл хийсэн.

Түүний дараагаар “Монгол бичиг өнөөгийн цаг үе” гэсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, өдөрлөгийн, номын нээлт, уншигч зохиолчдын уулзалт гээд томоохон ажлуудыг олон шавь нар, хүндтэй зочид төлөөлөгчдийнхөө хүчээр амжууллаа. Уншигч, зохиолчдын уулзалтад олон сайхан зохиолчид шүлэг, зохиолоо уншсан. Сумын иргэд маш өндөр сэтгэгдэлтэй байсан. 

-Энэхүү үйл ажиллагаанд олны танил, нэр хүндтэй олон хүмүүсийг оролцуулсан гэлээ. Оролцогчдынхоо талаар танилцуулахгүй юу!

-Өдөрлөгт маань Завхан аймгийн Идэр суманд болдог “Идэрийн эх хэлний их сорилго”-ыг зохион байгуулдаг “Шинэ Ази” группын захирал Л.Төрбаяр сангийнхаа Удирдах зөвлөлийн гишүүн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирж оролцлоо.

Энэ хүн бол “Их хэлний үлэмж эгшиглэн сан”байгуулсан. “Идэрийн их сорилго” гэж монгол бичгийн том олимпиадыг жил бүр зохион байгуулдаг.

Энэ бүрэлдэхүүнд нь Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, яруу найрагч болор цомын эзэн Н.Гантулга, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Х.Чилаажав, Утгын чимэг наадмын эзэн Б.Золбаяр, ДБЭТ-ын дарга Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, СУИС-ийн багш Д.Баасанжав гавьяат, Үлэмж эгшиглэн сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүн, дэслэгч генерал Ц.Бямбажав, МУИС-ийн багш Г.Ариунжаргал, Япон хэл судлаач, орчуулагч О.Жаргалсайхан зэрэг хүмүүс ирсэн.

Мөн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа, аймгийн төрийн байгууллагуудын төлөөлөл, ахмад багш З.Цэвээнравдан, миний нэгдүгээр ангийн багш С.Мядагмаа, дунд ангийн багш О.Цэрмаа, шавь нар, зохиолчид, аймгийн монгол хэлний 50 багш, “Хүмүүнлэг сургуулийн багш нар, Хулд сумын багш, сурагчид иргэд оролцсон.

Монгол бичиг, ялангуяа уран бичиг ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын их өв учраас, тэгээд ч манай морин хуур, уртын дуу, хөөмий ч гэсэн энэ өвд бүртгэлтэй болохоор энэ их өв сангуудыг нэг дор цогцоор нь үзвэр, үйлчилгээ болгоё гэж бодсон.

Тиймээс Сарны чулуу чуулгын дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, миний шавь Э.Баасанжав, морин хуурч, 2006 онд манай сургуулийг төгссөн миний шавь, хөөмийчин, Түмэн эх чуулгын морин хуурч Х.Дамдин нар урилгаар оролцож, өдөрлөгийн маань үйл ажиллагааг маань утга төгөлдөр болгож өгсөн.

-“Монгол бичиг өнөөгийн цаг үе” хэлэлцүүлэг ямар асуудлуудын хүрээнд өрнөсөн бэ?

-Энэ хэлэлцүүлгийн хүрээнд “Монгол бичгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна, цаашид яах вэ?” гэдгийг ярилцсан.”Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-ийг хэрэгжүүлэхийн тулд шат шатандаа юу хийх вэ гэдгээ хэлэлцсэн гэсэн үг.

Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын гавьяат багш З.Цэвээнравдан монгол хэлний өнөөгийн нөхцөл байдлын талаар, ялангуяа хүмүүсийн хэлний баялаг их ядуурч, явцуурч, үгийн утга мэдэхгүй байгаа талаар өөрийн санал бодлыг хэлж, эх хэлээ өнөө цагт сайн сурах хэрэгтэй гэдгийг залуучуудад хандан захиж хэлсэн. 

-Өдөрлөгийг Хулд суманд зохион байгуулсны учир юу вэ, таны төрсөн нутаг уу?

-Хулд сум бол миний өсөж, төрсөн нутаг. Манай сумын сургууль чинь “Улсын тэргүүний сургууль” юм шүү дээ. Өөрөө тэнд төрж, өсч өндийгөөд, эрдмийн гараагаа эхэлчихээд тэндээ очиж амьдраагүй, ажиллаагүй, сурсан мэдсэнээ нутагтаа түгээн дэлгэрүүлж чадаагүй хүн юм би. Тиймээс өөрийнхөө нутаг усанд, тэнд байгаа ард иргэддээ өөрийн хийж, зорьж байгаа ажил үйлээ танилцуулж, монгол бичгээ түгээн дэлгэрүүлье гэж бодсон.  

Шавь нартайгаа ярилцаж, бүх үйл ажиллагааг сэтгэлээсээ, үнэ төлбөргүй зохион байгуулсан.  

-Таны бүтээсэн ном их онцлог нэртэй. Ийм нэр өгсний учир юу вэ, мөн номынхоо утга агуулгын тухай ярьж өгөөч?

-Ном маань “Идэр их мөрөн-Эх хэлний мөрнөө тэмүүлэхүй” гэсэн нэртэй. Анх хоёр жилийн өмнөөс номоо гаргая гэсэн санаа төрж, шавь нартайгаа, дотны хүмүүстэйгээ энэ санаагаа хуваалцахад хүмүүс их дэмжиж байсан.

Анх яагаад энэ санаа төрсөн бэ гэхээр хоёр жилийн өмнө манай аймгийн Говь-Угтаал суманд Г.Эрдэнэ-Очир докторын 70 насны ойг тэмдэглэсэн юм. Тус сумын Ерөнхий боловсролын сургууль бол энэ хүний нэрэмжит. Тэгээд энэ хүний 70 насны ойгоор Эрдэм шинжилгээний хурал, уншигч, зохиолчдын уулзалт болсон.

Энэ ажлын хүрээнд зүүн талын сумын сургуулийн сурагчдын дунд монгол хэлний олимпиадыг зохион байгуулж, мөн Эрдэм шинжилгээний бага хурал болсон. Энэ Эрдэм шинжилгээний бага хуралд би Г.Эрдэнэ-Очир докторын тухай аймгаасаа илтгэл тавьж оролцож байсан.

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор Д.Баттогтох багш хоёр мөн илтгэл тавьж, би энэ хүмүүстэй хамт илтгэл тавьж байсан юм.

Энэ уулзалтад оролцож байхдаа би “энэ сайхан хүмүүсийг нутагтаа авчирч, ард түмнээ нэг соён гэгээрүүлсэн ажил хийх юмсан, ялангуяа баруун сумынхаа багш нарт хүргэхсэн” гэж бодож байсан. Тэгээд энэ хүсэл маань хоёр жилийн дараа сая биеллээ.

Манай өдөрлөгийн үйл ажиллагаанд зөвхөн баруун сум ч гэлтгүй аймгийн хэмжээний бүх монгол хэлний багш нар оролцсон болохоор нэлээд өргөн хүрээнд боллоо.

Нөгөө талаас 2014 онд Завхан аймгийн Идэр суманд болсон “Идэрийн их эх хэлний сорилго” гээд том олимпиадад би анх удаа очиж оролцоод “монгол бичгийн мэргэжлийн багш” ангилал, “монгол бичгийн зөв, цэвэр бичгийн уралдаан”-д түрүүлж байлаа. Тэгээд энэ их сорилгоос үүдэж миний тухай сайхан сайхан аян замын тэмдэглэлүүдийг хүмүүс бичсэн байсан. Тухайлбал, До.Цэнджав гуайн “Хойд мөсөн далай руу түрхрэгч Идэрийн гол”, Б.Элбэгзаяа багшийн бичсэн “Идэрийн голын тухай” аян замын тэмдэглэл гээд гарч байсан.

Тэгээд энэ сайхан тэмдэглэлүүдийг оруулаад, мөн “Хүмүүн бичиг” сонинд миний шавь нарын тухай гарсан мэдээ мэдээлэл, дугаарын зочны ярилцлага, аян замын тэмдэглэл зэргийг эмхэтгээд мөн намайг сайн мэдэх, хүмүүс, ялангуяа Улсын олимпиадад манлайлж оролцдог газар газрын монгол хэлний багш нар, таних мэдэх, биширч, хүндэлж явдаг эрхэм хүмүүс, бас манай шавь нар, бага, дунд ангийн багш нар, Хулд сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан А.Бадамгарав багш, Дундговь аймгийн Утга зохиолын нэгдлийн гишүүдээс, Монгол Улсын гавьяат багш З.Цэвээнравдан гэх мэт олон сайхан хүмүүсийн дурсамж, ярилцлагаас ном маань бүтсэн.

Би их бага олон олимпиад, улсын уралдаанд оролцсон. Төрлийн хувьд хорь гаруй уралдаан тэмцээнд оролцсон байгаа юм. Түүнээс надад хамгийн их дурсамж, хамгийн их сайхан сэтгэгдэл төрүүлж, сэтгэлд хоногшсон, монголын оюун санааны бурхад болсон олон сайхан хүмүүстэй уулзуулж, учруулсан онцлогтой уралдаан нь Идэрийн их сорилго байсан.

Тийм учраас хаврын хаварт л бид нар Идэрийн их сорилгот очих гэж, бүтэн жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө үр дүнг үзэх гэж тэмүүлдэг.

Тиймээс “Идэр их мөрнөө тэмүүлэхүй” гэж байгаа юм. Нөгөө талаараа Идэр мөрөн бол алдарт Енисей, алдарт Ангара мөрний эх учраас агуу том мөрөн юм. Тэгээд дээрээс нь Идэрийн их сорилго болдог учраас Идэр мөрөн маань эх хэлний том мөрөн болж, монгол орны өнцөг булан бүр лүү урсаж байгаа учраас “Эх хэлний мөрөн”-тай адилтгаж, номоо ийнхүү нэрлэсэн юм.

Жилдээ 50 гаруй баг оролцдог, тэнд очиж оролцож байгаа баг бүрийн гаргасан зардлыг өгдөг, маш их зардлаар, маш өндөр хэмжээнд зохион байгуулдаг, хүний оюуныг дээд хэмжээнд үнэлж, өргөж чаддаг тийм олимпиад. 

Тиймээс би номоо эх хэлний мөрөнтэй адилтгаж ийм нэр хайрласан.

-“Монгол бичиг бол Монгол Улсын тусгаар тогтнол” гэж та хэлсэн. Ер нь монгол бичгийнхээ талаарх бодол, байр сууриа илэрхийлээч?

-Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч үзье л дээ. Үндэсний хөтөлбөр-2 батлагдаад, 2025 оноос “хос бичигтэн” болно гэхэд тэр үед “хаа ч байсан юм, зай байна” гэж тайвширч боддог байлаа. Тэгтэл өнөөдөр “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3” 2020 оны гуравдугаар сард батлагдсан. Одоо л гэнэт ухаан ороход хаа хаанаа бид хос бичигтэн болоход бэлэн биш байна.

Өвөрмонголчууд өнөөдөр эх хэлээ, бичгээ аварч үлдэх гэж яаж тэмцэж байгаа билээ, ямар нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Ийм байдал бидэнд ирэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Бид нар одоо ч болов бодож, хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Эх хэл маань, үндэсний бичиг соёл маань энэ л улсын тусгаар тогтнолын баталгаа болоод байна, үүнийг хүн бүр ойлгох цаг нь болжээ.

Бид ч гэсэн шавь нартайгаа нийлээд ийм өдөрлөг, нөлөөллийн ажлуудыг аймагтаа, улсын хэмжээнд ч гэсэн зохион байгуулахаар ярьж, төлөвлөж байгаа. Зохион байгуулалтад орж, нэгдэж, нийлж байж бид хүмүүст ойлгуулах байх. Цаашид төлөвлөсөн ажлууд маш их байгаа. Сургалтуудыг маш өргөн хүрээнд явуулна гэж бодож байгаа.

-Монгол түмэндээ энэ талаар юу хэлэх вэ, юу гэж уриалах вэ?

-Эх хэл, соёлоосоо суралцаж, монгол бичгээ сурч, түгээн дэлгэрүүлж, бичиг соёлоо хайрлан хамгаалья гэж уриалмаар байна. Яагаад гэвэл өнөөдөр монгол бичиг гэдэг бол монгол хүн байхын утга учир, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, Монгол Улсын аюулгүй байдал. Тийм учраас монгол хүн бүр заавал сурах ёстой, судлах ёстой. Энэ бол монгол хүн бүрийн, иргэн бүрийн үүрэг. Эх оронч хүн бүр үүнд хувь нэмрээ оруулах шаардлагатай юм шүү.

-Ярилцсанд баярлалаа

 

 

 

 

 

Холбоотой мэдээ