Музейн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-10-21 18:33:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Музейн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.


Монгол Улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей ажиллаж байна. Монгол Улсад музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Улс орон нутгийн чанартай музейн дүрэм”, “Музейн сан хөмрөгийн дүрэм”, “Музейн сан хөмрөгийн бүртгэн баримтжуулалтын заавар” болон Музейн үйл ажиллагаанд тавих шаардлага, ММЗ 2006:5643 стандарт зэрэг баримт бичгээр тухайлан зохицуулж ирсэн байна.


Дээрх хууль, эрх зүйн баримт бичгүүд нь музейн өмнө тулгамдаад байгаа хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, салбар дундын түншлэл, техник технологийн хөгжүүлэлт, хүний нөөцийн хангамж, гадаад харилцаа зэрэг олон асуудлыг шийдвэрлэж, музейн тогтвортой хөгжлийг дэмжих хөшүүрэг болж чадахгүй байна. Иймд музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бий болгон, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжих боломжийг бүрдүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ.


Хуулийг баталснаар түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс болон соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжрахын зэрэгцээ соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын нэгдсэн олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно. Түүнчлэн, музейн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, музейн шинжлэх ухаан, боловсролын салбарт гүйцэтгэх үүрэг нэмэгдэх, иргэдийн музейгээр үйлчлүүлэх, ашиглах хандах хандлагад эерэг нөлөө үзүүлж, мэдлэг үйлдвэрлэх, түгээх орон зай болж хөгжих суурь тавигдана гэж төсөл санаачлагчид үзсэн байна.


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ч.Ундрам, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд монгол өв соёлыг гадаадад сурталчлах үүднээс музейн хосгүй үзмэрийг олон улсад нэр хүнд бүхий музейд тавих, үзэсгэлэн гаргах, дэлхийн үнэт үзмэрийг Монголдоо авчирч иргэддээ үзүүлэх зохицуулалтыг тусгасан эсэхийг тодруулж байв. Мөн хуулийн төсөлд музейн сан хөмрөгийг баяжуулж үзмэр худалдаж авахад нарийвчилсан зохицуулалт оруулсан эсэхийг тодруулсан юм. Гишүүдийн олонх нь музейн салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх, соёлын үнэт өвөө хамгаалахын тулд музейн сэргээн засварлах санхүүжилтийг улсын төсөвт суулгахад анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн. 


Музейн барилгын инженер, сэргээн засварлагч, фонд хариуцсан мэргэжилтэн зэрэг боловсон хүчнийг бэлтгэх асуудал орхигдсон. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сэргээн засварлагчийг нэн шаардлагатай мэргэжил гэсэн ангилалд оруулж, салбарын яамны зүгээс соёлын өвийг сэргээн засварлагчийг бэлтгэхэд онцгойлон анхааран ажиллаж байгааг Соёлын сайд С.Чулуун хариултдаа тодотгов. Мөн музейн тухайн хуулийн төсөлд төр төдийгүй хувь хүн, байгууллагын музейг дэмжих бодлогыг барьсан. Найман жил гэдэг нэг талаас тусгай зөвшөөрөл мэт харагдах ч нөгөө талаасаа музейн үйл ажиллагаанд үнэлгээ өгч, хяналт тавихад чиглэсэн гэдгийг онцлов.


Монгол Улсын хувьд музейн үзмэр хадгалах танхим, стандарт хангасан барилга байхгүй. Иймд дэлхийн нэр хүнд бүхий музейн үнэт үзмэрүүдийг дотооддоо авчирч үзүүлэх бололцоо байхгүйн зэрэгцээ Монголын өв соёл, үзмэрийг гадаадын нэр хүнд бүхий музейд тавих, соёлын өв, болон бусад дурсгалаас бүрдсэн үзэсгэлэн гаргаж эх орноо сурталчлахад анхаарч хуулийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан. Музейн сан хөмрөгийг баяжуулах үзмэрийг худалдан авахад тухайн музейн зөвлөл шийддэг бөгөөд хил дээр хураагдсан, гарал үүсэл тодорхойгүй үзмэрийг худалдаж авахыг хориглодог. Үнэхээр зайлшгүй шаардлагатай өвийг худалдан авах бол салбарын яаманд мэргэжлийн зөвлөлийг ажиллуулдаг хэмээн С.Чулуун сайд хариулж байлаа.  


Музейн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ