Архангайд ясны сийрэгжилтийн оношилгоог нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-21 21:35:52

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн томоохон хувийн эмнэлэг болох Хасу Манал эмнэлэг энэ сарын 20-ны өдөр буюу Дэлхийн ясны сийрэгжилтийн өдрийг тохиолдуулан ясны сийрэгжилтийн оношилгооны кабинетыг нээж үйл ажиллагаагаа эхлүүллээ. Ясны сийрэгжилтийн оношилгоог Архангай аймагт анх удаа нэвтрүүлж байгаа нь энэ юм.

Эмнэлгийн эмч Ц.Мөнхцэцэг “Хөдөө орон нутагт байтугай улсын хэмжээнд цөөхөн байдаг орчин үеийн технологийн оношилгоог Архангай аймагт нэвтрүүлэн оруулж байгаадаа манай хамт олон их баяртай байгаа. Бид хамт олноороо үргэлж шинэ санаачилга гаргах, шинэлэг зүйлсийг нэвтрүүлэхийг зорин ажилладаг. Цаашид олон мянган иргэнийг ясны сийрэгжилт өвчнөөс урьдчилан сэргийлж, хугарлаас өмнө оношилж, цаг алдалгүйгүйгээр эмчилнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн онцлон хэлсэн юм.

Рентген туяанаас 100 дахин бага цацрагийн нөлөөтэй DEXA аппаратаар таваас дээш насны бүх хүмүүс оношлуулах боломжтой бөгөөд багана нуруу, дунд чөмөг, гарын шуу ясанд ясны нягтын эрдсийг тодорхойлох юм.

Ясны сийрэгжилтийн оношилгоог орон нутагт нэвтрүүлснээр Архангай аймгийн ард иргэдийн ясны сийрэгжилт өвчнийг оношлох, эрт илрүүлэх боломжийг ханган өгч байгаа юм. Нөгөө талаар зөвхөн энэ оношилгоог хийлгэх гэж Улаанбаатарыг зорих иргэдийн тоо багасч байгаа юм.    

Холбоотой мэдээ