Г.Сүхболд нарын 5 хүнд холбогдох шүүх хурал хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-20 18:55:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Г.Сүхболд нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ирэх сарын 2-ны өдөр хүртэл хойшлууллаа.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс өнөөдөр болсон Ш.Батхүү нарт холбогдох шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож, шүүх хуралдаан давхацсан тул Г.Сүхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан байна.

Г.Сүхболд нарт холбогдох хэргийг нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүж буй юм.

Авлигатай тэмцэх газар Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд түүнийг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, хойшлуулшгүй арга хэмжээ авч 48 цаг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрээр харамсалтайгаар амиа алдсан байсан. Энэ хэрэгтэй холбогдуулан тухайн үед ШШГЕГ ажиллаж байсан Г.Сүхболд нарын таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

 

Холбоотой мэдээ