Авто машингүй “Залуусын ногоон гудамж” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-23 22:15:37

Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас эрхлэн “Дархан хотын ерөнхий төлөвлөгөө”-тэй уялдуулж шинэ Дарханы “Сүрэнгийн гудамж”-аас ШУТИС-ийн Дархан салбар хүртэл үргэлжлэх 2.5 км замыг авто машингүй “Залуусын ногоон гудамж”-ийг энэ онд байгуулна.

Энэ ажлын хүрээнд “Алтан тариа” ХХК-ийн бүтээн байгуулсан “Сүрэнгийн гудамж”-ийг улам хөгжүүлж “Үйлчилгээний төв” рүү авто замд холбосон ногоон байгууламж, явган хүний зам, авто машины зогсоол, иргэдийн амрах ногоон орчныг бий болгох юм. Эрүүл, ногоон орчны бий болгохын тулд тус аймагт хэрэгжүүлэх гэж буй 10 мянган модыг уг гудамжинд тарихаар боллоо. Мөн энэ жил ОНХС-ийн 983,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Жишиг хороолол-4” төсөлд зарцуулна. Уг төслийг Дархан сумын 8, 13, 14, 16 дугаар багуудад хэрэгжүүлж нийтийн орон сууцны зоорийн давхрын инженерийн шугам хоолойн шинэчлэлт, асфальт бетон хучилттай төв авто замын нөхөөс, хот доторх ногоон байгууламж хорооллын тохижилт, хүүхдийн тоглоомын талбай болон “Дархан-50 цогцолбор”-ын осол их гардаг урьд зам дээр хурд сааруулагч хийх зэрэг ажлууд хийхээр төлөвлөжээ.

Эдгээр ажлыг цаг хугацааны хувьд хурдан хийх үүднээс нийт ажлыг дөрвөн багцад хувааж  гүйцэтгэгчийг нээлттэй тендер шалгаруулалтаар сонгох юм.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ