Хог хаягдлын овор хэмжээг багасгах төхөөрөмжтэй болсноор нийлүүлэлт нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-10-20 16:34:59

Дорнод /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Дорнод аймгийн БОАЖГ-т дахин боловсруулах боломжтой хог хаягдлын овор хэмжээг багасгах төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.

Харин энэхүү төхөөрөмжийг Хэрлэн сумын хоёрдугаар багийн иргэн Ө.Хилчинбаатарт хариуцуулснаар түүний хувьд хог хаягдлыг ангилан ялгаж, Улаанбаатар хот руу зөөх нөр их ажлыг нь хөнгөвчилж байгаа юм. Дээрх пресслэгч төхөөрөмж нь нэг удаад 100-150 кг хэмжээтэй хуванцар сав, лаазыг нягтаршуулах учир хугацаа хэмнэхээс гадна нийлүүлэлт нэмэгдэх боломжтой аж. Ө.Хилчинбаатарын хувьд одоогоор цуглуулсан 40 орчим тн хогийг богино хугацаанд нягтаршуулж, нийслэл рүү зөөвөрлөхөөр төлөвлөн ажиллаж байна. Энэ мэтчилэн ажлын талбар дээр зүтгэж байгаа хүнд хүрч байгаад тэрээр талархаж буйгаа илэрхийлж байлаа.   

Ташрамд дуулгахад, салбарын яамнаас “Хоггүй цэвэрхэн Монгол” аяныг өрнүүлж, энэ хүрээнд 21 аймагт хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа гэж БОАЖГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ