Статистикийн тоон үзүүлэлтийг монгол бичгээр танилцуулав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-10-20 17:38:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс Дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулан Мөрөн сумын Сод-Эрдэм сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад статистикийн анхан шатны боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр  Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу аймгийн сонирхолтой тоон мэдээлэл, байгууллагынхаа зорилт үйл ажиллагааг танилцуулав. Мөн  тус  хамт олон аймгийнхаа тоон үзүүлэлтийг монгол бичгээр анх удаа танилцуулсан. Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг хангах зорилтын хүрээнд Статистикийн хэлтсийн хамт олон монгол бичигт суралцаж эхэлсэн. Цаашид иргэдэд хүргэдэг аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулгыг кирилл, монгол бичгээр хослуулан хүргэнэ гэдгийг хэлж байлаа. 



Энэ жил НҮБ-ын Статистикийн комиссын ивээл дор тус өдрийг "Найдвартай тоо мэдээллээр эх дэлхийгээ холбоё, нэгтгэе уриан дор тэмдэглэж байна. НҮБ-ын Статистикийн комиссын 41 дүгээр чуулганаар анх дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон нийтэд сурталчлах зорилгоор жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр Дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн ажээ.

 

Холбоотой мэдээ