Органик хүнсний монгол брэндийг бий болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-09-28 12:17:18

Нийслэлчүүдийг шинэ ургацын жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой “Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээ өчигдөр Чингисийн талбайд албан ёсны нээлтээ хийлээ.

10 дахь жилдээ болж буй уг арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцон үг хэлэв. Тэрбээр, “Бид “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хүнсний салбарын суурь хуулиудыг батлан хэрэгжүүлж байгаа. “Органик хүнсний тухай” хуулийн төслийг энэ намар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх гэж байна. Байгалийн хувьд харьцангуй цэвэр, унаган төрхөө хадгалсан манай улсын хувьд энэ давуу талаа ашиглан органик хүнсний монгол брэндийг бий болгон гадаад, дотоодын зах зээлд гаргах нь малчид, тариаланчид, үйлдвэрлэгчдийг дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх, экологийн баримжаатай бодлогыг хэрэгжүүлэх ач холбогдолтой” гэв.

Энэхүү үзэсгэлэн худалдаа нь эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургац, үндэсний үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнийг шууд үйлдвэрлэгчээс нь худалдан авч өрхийн хүнсний нөөцөө бүрдүүлэх боломжийг олгож буйгаараа давуу талтай.

Энэ үеэр Хүнс үйлдвэрлэгчдийн хүндэтгэлийн парад, Мастер тогоочдын гарын хоол өдөрлөг, Монгол хүнс-Органик хүнс амталгаат худалдаа, хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, марктенгийн талаар зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээг зохион байгууллаа. Мөн хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, дотоод, гадаадын төсөл хөтөлбөрүүдийн мэдээллийн булан ажиллаж, үйл ажиллагаагаа сурталчлав. Хүндэтгэлийн парадад хүнсний 162 үйлдвэр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1500 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Мөн энэ үеэр Монголын мастер тогоочдын холбооноос зохион байгуулсан “Мастер тогоочдын хоолны өдөрлөг” олны анхаарлыг татав. Монголын мастер тогоочдын холбооны гүйцэтгэх захирал Р.Батбаатар, “Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын Улсын II зөвлөгөөн энэ сарын 28-нд болно. Зөвлөгөөнийг угтаж мастер тогооч нарын хамтарч хийж буй ажлын нэг хэсэг нь энэ. “Гүн шим” сургалтын хамт олон, Монголын мастер тогоочдын холбооны гишүүд, орон нутгийн мастер тогооч нар хамтран Монголд анх удаа 1000 гаруй хүнийг хамарсан хоолны амталгаа явууллаа. Энэхүү будаатай хуургыг 3.5 диаметрийн харьцаатай хайруулын тавган дээр хийсэн бөгөөд 100 кг будаа, 30 кг мах, 8 кг улаан лооль, 6 кг ногоон сонгино зэрэг олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн орсон. Бид хамтын хүчийг бэлэгдэж энэхүү хоолыг хийлээ” хэмээв.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд