Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын мэндчилгээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-17 14:10:11

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хот үүсэн байгуулагдсаны түүхт 59 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга С.Насанбат нийт Дарханчууддаа хандан баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын бүтээн байгуулалтын үлгэр жишээ болж, шинэ соёл, шинэ суурьшил, шинэ өнгө төрхийг цогцлоон бүтээж, цэцэглэн хөгжиж байгаа бахархалт хотын маань эзэд, иргэд та бүхэндээ Дархан хот байгуулагдсаны 59 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэн мэндчилье.

Тэртээх 1961 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Давхрын төмөр замын жижиг станцын дэргэд барилгын материалын баялаг түүхий эдийн орд газрыг түшиглэн Дархан хотын суурийг анх тавьсан түүхтэй, өдгөө бид ирэх жил хотынхоо 60 жилийн тэгш ойг угтах гэж байна.

Эх орныхоо нутагт энх цагийн бүтээн байгуулалтын үр шим болж найрамдлаараа овоглосон Дархан хотоо цогцлоон байгуулснаас хойш Улсынхаа хөгжлийн түүхэнд тодхон мөрөө урлаж, хөгжил цэцэглэлтийн төв болон хөгжиж байгааг энд дурдахад таатай байна.

Дархан хот маань сүүлийн жилүүдэд өдрөөс өдөрт өнгөжин, жавхаажиж бүтээн байгуулалтууд сүндэрлэн босож, амжилт бүтээлээр дүүрэн он жилүүдийг түүхийн хуудаснаа мөнхөлж байна.

Дархан-Уул аймгийн Орхон сум 2017 онд Улсын Тэргүүний сумаар шалгарч, Хонгор сум 2020 онд Төвийн бүсийн шилдэг сумаар шалгарсан амжилтуудыг үзүүлж, манай аймаг 2017 онд Монгол Улсын шилдэг аймаг, 2018 онд Монгол Улсын “Тэргүүний аймаг”-аар тус тус шалгарч, аймгийн эдийн засаг, нийгмийн салбарт чамгүй их амжилтуудыг үзүүлж Монгол Улсын Төвийн бүсийн тулгуур төв болон хөгжиж байна.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Дархан хотынхоо бүтээлч, хөдөлмөрч хамт олны дундаас 59 жилийн ойн босгон дээр Монгол Улсын “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн ахмад ажилтан Давхарын Гончигсүрэн, “Монгол Улсын гавьяат багш” цолоор Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн багш Хорлоогийн Батмөнх нар тус тус шагнуулж Монгол Улсын Төрийн дээд шагналаар 200 гаруй иргэн, хөдөлмөрчид, ахмадууд маань энгэрээ мялаалаа.

Иргэдийнхээ санаа бодлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гарах шийдвэрүүдэд тусган хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх бүтээн байгуулалтын ажлуудад томоохон ахиц гаргахын төлөө хичээн ажиллаж орон нутгийн тулгамдсан асуудлуудыг ээлж дараатайгаар шийдвэрлэж орон нутгийн хөгжил цэцэглэлтэд бодитой ахиц гаргаж чадсандаа миний бие баяртай байна.

Бидний хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг дэмжиж, зорьсноо биелүүлж, эхэлснээ дуусгах үйл хэргийг маань үнэлж Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд Дарханчуудынхаа итгэлийг хүлээж чадлаа. Та бүхний энэ их итгэл найдварыг хүлээх, өндөр үүрэг хариуцлага орон нутгийн төр захиргааны байгууллагуудад ноогдож байна.

Дархан-Уул аймгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 102 арга хэмжээ, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 398, гадаадын зээл тусламжаар 9, байгаль орчин нөхөн сэргээх зардлаар 83, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 347 арга хэмжээг хэрэгжүүлж Дархан хотод хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын цар хүрээг 2016 оныхтой харьцуулахад 4 дахин өсгөж чадлаа.

Төр, иргэдийн холбоо улам бэхжиж, түмэн олны маань үйлс өөдрөг байж, хамтын хүч, хамтын бодол санаа, хамтын хөдөлмөрийн үр шим нь иргэн бүрийн заяаг түшиж, айл бүхэнд аз жаргал авчирч, Дархан хот маань үеийн үед цэцэглэн хөгжих болтугай.

                                                                                                                               Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат

Холбоотой мэдээ