Парламентын судалгааны хүрээлэнгийн гадаад харилцааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-14 17:47:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Стэнли Клеческиг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар талууд парламентын засаглалыг төлөвшүүлэх, ардчиллыг бэхжүүлэх, бодлого боловсруулах, судалгаа шинжилгээний хамтын ажиллагааны талаар санал солилцов.


УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан хэлэхдээ, “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд парламент 240 гаруй хуулийг баталсан. Алдаа, дутагдалтай зүйл гарч байна. Иймд аливаа хууль, шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргахад шинээр байгуулсан Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг өндөр байна. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж, ардчиллыг хөгжүүлэх, Үндсэн хуулийн төслийг боловсруулахад АНУ-ын эрдэмтэн, судлаачид үнэтэй зөвлөмжөө өгч байсан. Хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад судалгаа, шинжилгээний байгууллагуудын оролцоо чухал үүрэгтэй. Иймд Парламентын судалгааны хүрээлэн, АНУ-ын Конгрессын судалгааны алба, номын сангийн хамтын ажиллагааг дэмжих нь зүйтэй” хэмээн онцлон тэмдэглэв.


Элчин сайд Майкл Стэнли Клечески парламентын засаглалыг төлөвшүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ. Тэрбээр “Элчин сайдын яамнаас Конгрессын номын сан болон парламентын судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагуудтай холбоо тогтоон, хамтран ажиллах боломжийг нээхэд анхаарна. Хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талын Элчин сайдын яам болон УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн үүрэг оролцоо чухал” хэмээв. Мөн "COVID-19" цар тахал намжсаны дараа туршлага солилцох уулзалт, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж гарна гэдэгт итгэлтэй байна гэв.

Холбоотой мэдээ