Шаньдун мужид коронавирусний зургаан тохиолдол бүртгэгдлээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-10-12 14:22:54

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Шаньдун мужийн Чиндао хотод өчигдөр коронавирусний халдвар авсан зургаан тохиолдол, шинж тэмдэггүй зургаан тохиолдол тус тус бүртгэгдсэнтэй холбогдуулан тус хотын иргэдийг коронавирусний шинжилгээнд өргөн цар хүрээтэй хамруулахаар болсон байна.

            Тодруулбал, дээрх тохиолдол нь бүгд хотын Тархи, мэдрэлийн эмнэлэгтэй ямар нэг байдлаар холбоотой иргэдээс илэрсэн талаар хотын Эрүүл мэндийн хорооноос мэдээлэв.

            Мужийн Намын хороо, Ардын засгийн газрын зүгээс Чиндао хотод шуурхай штаб байгуулж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авсан байна.

            Улмаар хотын зарим шаардлагатай дүүргүүдийн иргэдийг гурван өдрийн дотор, хотын бүх иргэнийг таван өдрийн дотор шинжилгээнд хамруулах төлөвлөгөө гарган ажиллаж эхэлжээ.

            Мөн дээрх эмнэлгийн үйл ажиллагааг өчигдрөөс эхлэн түр зогсоогоод байгаа бөгөөд улс даяар онц шаардлагагүй тохиолдолд Чиндао хот руу зорчихгүй байхыг зөвлөсөн байна.

            Түүнчлэн өчигдөр эх газрын Хятадад шинээр халдвар авсан 21 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь бүгд гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол байв. Үүнээс Шанхайд 5, Ляонинд 4, Гуандунд 3, Хөбэйд 2, Шаньси 2, Бээжин 1, ӨМӨЗО 1, Тяньжин 1, Фүзянь 1, Сичуан 1 тохиолдол тус тус бүртгэгдлээ.

Холбоотой мэдээ