Улиастай сумын ундны усыг сар бүр шинжлүүлдэг гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-09 19:11:41

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн "Амь-Ус трейд" ОНӨААТҮГ он гарсаар аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхөөс цэвэр, бохир усны шугам сүлжээтэй холбоотой 77 дуудлага хүлээн авсан тухай сэтгүүлчдэд мэдээлэв. 

Үүнээс цэвэр усны шугамын бөглөрөл, задарсан гэх дуудлагыг хүлээн авчээ. Тус газраас хоёрдугаар өргөлтийн станцаас хоногт 1200-1300м3  цэвэр усыг түгээж, хоногт 1400-1500м3 бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламжаар цэвэрлэсэн байна. Бохирын цооног бүхий айл өрх, албан байгууллагуудаас 235м3 бохир усыг соролтын машин ашиглан татан зайлуулсан аж. Түүнчлэн хэрэглэгчдийг ундны усны ахуйн стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангахын тулд сар бүр тогтмол аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бактерлогийн лабораторид цэвэр усны шинжилгээнд хамруулдаг байна. Өнөөдрийн байдлаар 13 сорьц шинжилгээнд хамруулж нянгийн тоо нь 1мл-д зөвшөөрөгдөх хэмжээ нь 100 байхаас дээрх сорьцын хариу 0-17, E.Coli илрээгүй. Мөн дотоодын лабораторидоо химийн шинжилгээнд хэрэглэгдэх үндсэн бодисуудаа найруулан эх үүсвэр, гүний худаг болон ус түгээх байрнуудаас нийт 18 сорьцыг авч шинжилгээнд хамруулжээ. 

Энэ жил нийт 7 худгийг ухаалаг төхөөрөмжтэй болгожээ

Харин энэ жил Улиастай сумын ундны усны эх үүсвэрт электролизийн төхөөрөмжийг суурилуулсан байна.

Тус төхөөрөмж нь усны бохирын зэрэг, нян бактерийг хэмжихээс гадна автоматаар цэвэршүүлдэг төхөөрөмж юм байна. Тус төхөөрөмжөөр Улиастай сумын ундны усны эх үүсвэрийг өдөр бүр цэвэршүүлдэг аж. Энэ жил тус сум ус түгээх байрыг таваар нэмэгдүүлж зургаан ус түгээх байрыг ухаалаг төхөөрөмжтэй болгожээ. Ухаалаг төхөөрөмж бүхий худгууд нь иргэдэд картаар усаа авах боломжийг олгоод зогсохгүй. Хоногийн 24 цагт ус түгээх боломжтой болжээ. Иргэд усны картдаа мөнгөө байршуулж, ямар ч цаг хугацаанд очсон ухаалаг худгаас ундны усаа авах боломжтой болжээ. Ташрамд тус сум зөөврөөр ус хийдэг 20 орчим худагтай юм байна. Түүнчлэн өнгөрсөн намар Нэгдсэн үндэсний байгууллагын цэвэр усны хангамжийн төслөөр алслагдсан багийн нэг ус түгээх байрыг үлгэр жишээ засварлаж ухаалаг системтэй болгосон тухай Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Иргэдийн хуванцар савны хэрэглээг багасгах нь чухал юм гэв

Улиастай сумын ундны усны чанар сайжирч, байнгын шинжилгээнд хамруулдаг болсон хэдий ч иргэдийн ундны усаа хадгалдаг хуванцар савыг өөрчлөхгүйгээр ундны усны эрүүл ахуйг ярих хэрэггүй юм гэж "Өрнөх хөгжил сүлжээ" ТББ-аас мэдээлэв.

Учир нь Улиастай сумын хамгийн олон өрхтэй, Богдын гол багийн ундны усны аюулгүй байдал, хуванцар савны хэрэглээнд үнэлгээ хийх нөлөөллийн төслийг тус байгууллагаас хоёр жилийн өмнө хийжээ. Төслийн хүрээнд хүн амын эрүүл мэндэд хуванцар савны хор хэрхэн нөлөөлж байгааг судлах, ундны усыг шинжилгээнд хамруулж, санамсаргүй түүврийн аргаар 60 өрхөд эрүүл мэндийн судалгааг хийсэн байна. Судалгаанд хамрагдсан өрхийн гишүүддээ эрүүл мэндийн сургалт хийж, үзлэг шинжилгээнд хамруулан үр дүнг тооцож иргэдийн хандлагыг өөрчлөх ажлыг хийжээ. Төслийн хугацаанд Богдын гол багийн өрх, гэр, иргэдийн хүнсний зориулалтаар хэрэглэж байгаа хуванцар савыг хэрэглүүлэхгүй байх, төмөр саванд ундны усаа хадгалах аяныг зургаан сарын турш өрнүүлжээ. Судалгаа нөлөөллийн дүнд тус багийн иргэдийн хуванцар савны хэрэглээг 65 хувиар бууруулжээ. Хүнсний зориулалтын бус хуванцар савыг хэрэглэснээр хүний мэдрэлийн системийг хордуулдаг байна. Иргэд хуванцар савыг эрүүл мэндэд хортой хар тугалганы агууламж нь өндөр гэдгийг мэдсээр байж өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа нь харамсалтай. Хуванцар саванд хонуулсан усанд хийсэн шинжилгээний дүнг төвлөрсөн сүлжээний усанд хийсэн шинжилгээний дүнтэй харьцуулахад төмрийн агууламж хоёр дахин их /төвлөрсөн сүлжээний усанд - 0,11мг/л, хуванцар саванд хадгалсан усанд - 0,24 мг/л/, нитритийн агууламж 11 дахин их /төвлөрсөн сүлжээний усанд - 0,01 мг/л, хуванцар саванд хадгалсан усанд - 0,11 мг/л/ гарсан тухай төслийн багаас дуулгав.

Холбоотой мэдээ