Дэлхийн худалдааны байгууллагыг анх удаа эмэгтэй хүн тэргүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-09 12:09:52

ЛОНДОН. /BBC/. Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ шинэ тэргүүний албан тушаалд нэр дэвшсэн найман хүнээс хоёр хүн шигшигдэн үлджээ. Эдгээр нь Нигер улсын Сангийн сайд асан Нгози Оконжо-Ивеала, БНСУ-ын Худалдааны сайд Ю Мен Хи нар юм.


Хоёр нэр дэвшигч хоёулаа банкны салбар төдийгүй улс төр, олон улсын тавцанд арвин их туршлагатай. Тэд хоёулаа Америкийн их сургуулиудад суралцаж, төгсжээ. Америкийн иргэншилтэй Нгози Оконжо-Ивеала Нигерийн Сангийн сайдаар хоёр удаа, мөн Гадаад хэргийн сайдаар богино хугацаанд ажиллаж байсан байна. Тэрбээр карьерынхаа ихэнх хугацааг Дэлхийн банканд өнгөрөөсөн бөгөөд хоёр дахь чухал албан тушаал болох гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байв. Хэрэв Нгози Оконжо-Ивеалаг ДХБ-ын гишүүн орнууд байгууллагынхаа тэргүүнээр сонговол тэрбээр энэ албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй төдийгүй Африк тивээс сонгогдсон анхны нэр дэвшигч болох юм.


Ю Мен Хи мөн олон улсын худалдааны мэргэжилтэн юм. Тэрбээр ДХБ-ын өмнөх байгууллага болох Тариф ба худалдааны ерөнхий хэлэлцээр байгуулагдсан жил төржээ. Түүний энэ салбар дахь карьер 1995 онд буюу ДХБ байгуулагдахад эхэлсэн байна. Ю Мен Хи БНСУ-ын хувьд чухал хэлэлцээ болох АНУ, БНХАУ-тай хийсэн худалдааны хэлэлцээнүүдэд оролцож байжээ.


ДХБ-ын шинэ тэргүүний сонгуулийн дүн 11 дүгээр сарын эхний хагаст тодорхой болно.


Холбоотой мэдээ