Төрийн үйлчилгээг цахимаар шуурхай хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-08 21:19:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас Төрийн үйлчилгээний нэгдсэн портал системийг аймгийн хэмжээнд 17 суманд нэвтрүүлээд байна. Энэхүү үйл ажиллагааг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газартай хамтран Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хийж байгаа аж.

Мэдээллийн технологийн дэвшилтэт боломжид тулгуурласан эл системээр дамжуулан төрийн байгууллагуудын иргэн, аж ахуйн нэгжид олгодог лавлагаа, үйлчилгээний хүсэлтүүдийг хүлээн авах аж. Мөн шийдвэрлэлтийн явцын мэдээлэл, үр дүнг үүгээр олгодог болсон нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд түлхэц болж байгаа гэнэ. Түүнчлэн үйл явцыг ил тод болгох, төрийн албаны ачааллыг бууруулж нийтэд хүртээлтэй болгож буй юм. Энэ нь эрх тэгш байдлыг хангахад чухал нөлөө үзүүлсэн ажил болж байгааг удирдлагууд хэллээ. Иргэд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан нийт 54 нэр төрлийн лавлагаа үйлчилгээг ямар нэгэн чирэгдэлгүй, түргэн шуурхай авах боломж бүрджээ.

Энэхүү операторын системийн давуу тал нь иргэд төрийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр нэг дороос түргэн шуурхай авах болсноороо онцлог юм. Мөн бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийх шинэчлэлийн эхлэл нь эл төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал гэв. Энэ нь харилцан ялгаатай чиг үүрэг бүхий олон төрлийн төрийн байгууллагын зохион байгуулалтыг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна том төрөөс ухаалаг төр лүү шилжих, цаашлаад иргэн төвтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэхэд чухал алхам болж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ