Томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-07 21:08:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ долоо хоногт амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд нийтдээ 3867 хүн үйлчлүүлжээ. Үүнээс 214 иргэн буюу үйлчлүүлэгчдийн 5,5 хувиас нь томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад  1,7 хувиар өссөн үзүүлэлт аж.

Мөн аймгийн хэмжээнд түргэн тусламжийн 286 дуудлагын 15 хувийг тухайн төрлийн өвчний шалтгаантай дуудлага эзэлж, өмнөх долоо хоногоос 7,6 хувиар өсжээ.

Цаашид томуу, томуу төст өвчний гаралт өсөх хандлагатай байгаа тул аймгийн Эрүүл мэндийн газраас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг харьяа эрүүл мэндийн байгууллагуудад чиглэл болгосон байна.

Түүнчлэн «Орон даяар өрнөж байгаа дархлаажуулалтын аяны хүрээнд аймгийн төвийн 2-5 нас хүртэлх цэцэрлэгийн  хүүхдүүд, 4 дэх сараас дээш жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш настай ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс, эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийг улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулах ажлыг энэ сарын 5-наас эхлэн зохион байгуулж байгаа» гэдгийг аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн А.Нургүл хэллээ. 

Холбоотой мэдээ