Ирэх онд аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2021 онд шатахууны нэр бүхий 24 аж ахуйн нэгжийн нөөцийн хэмжээг тогтоов.
Шатахуун борлуулдаг нэр бүхий 24 аж ахуйн нэгж 30 хоногийн буюу нийт 120 мянга 350 тонн түлш, шатахууны нөөцтэй байхаар тогтоосон байна.
Энэ онд 22 аж ахуйн нэгж А-80 автобензин 6000, АИ-92 автобензин 42000, дизелийн түлш 80700, ТС-1 онгоцны түлш 4300 тонны нөөцтэй байх үүрэг хүлээн, нийт 133 мянган тонноос доошгүй хэмжээнд барьж байна. 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд 1 сая 443 мянга 809 тонн шатахуун импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.8 хувиар буурчээ. Энэ нь "COVID-19" цар тахалтай холбоотой юм.