93 жилийн түүхтэй сургууль 960 хүүхдийн хүчин чадалтай шинэ барилгатай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-08 09:13:50

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 тоот тогтоолоор Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийг төр, нийгмийн зүтгэлтэн, эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн, Ерөө нутгийн уугуул Т.Бямбаагийн нэрэмжит болгосон юм.

Их эрдэмтний үр хүүхэд, ач, гуч нар нь өөрсдийн хөрөнгөөр олон улсын жишиг бүхий шинэ сургууль болгон шинэчлэхээр болжээ. 93 жилийн алдар түүхтэй, олон эрдэмтэн мэргэд, алдар гавьяатнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд төрөн гарсан хүндтэй энэ сургуулийг 960 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургууль болгон шинэчлэхээр өнгөрсөн сард шав тавих ёслол үйлдсэн байна.

Төр, нийгмийн зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор Тамживын Бямбаагийн нэрэмжит Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийг түүний хүү Бямбаагийн Нямтайшир түүний гэр бүл, үр хүүхдүүд санаачлан “Монголын Алт” (МАК) ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьж өгөхөөр болжээ. Хичээлийн шинэ байрны барилгын ажлыг “Хос Фрейндс” компани гүйцэтгэх бөгөөд ирэх онд ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Төр, нийгмийн зүтгэлтэн Т.Бямбаа нь Ерөө сумын бага сургуулийн ууган сурагчдын нэг юм. Энэ онд 100 жилийнх нь ой тохиож байгаа Т.Бямбаа нь Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх техникум, Монгол Улсын Их Сургууль, Тимирязевын нэрэмжит Москвагийн Хөдөө Аж Ахуйн Академийг дүүргэжээ. Тэрээр ХААДС-ийн хичээл ангийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, ШУА-ийн Бэлчээр, тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ахлах ажилтан, тасгийн эрхлэгчээр ажиллаж, МАХН-ын Төв Хорооны болон Ардын Их Хурлын депутатаар гурван удаа сонгогдож байжээ.

Хичээлийн шинэ байртай болсноор багш, сурагчдын суралцах, ажиллах орчин улам сайжирч, эрүүл, аюулгүй таатай нөхцөл бүрдэнэ гэж тус сургуулийн хамт олон үзэж байна. 

Холбоотой мэдээ