Дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчидтөй цахимаар уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-02 12:23:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад 2002 оноос хөгжиж эхэлсэн эмэгтэй хөл бөмбөгийн спортыг сонирхогч хөгжөөн дэмжигч охид, бүсгүйчүүдэд дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин, дасгалжуулагч, мэргэжилтнүүдтэй цахимаар уулзах сайхан боломж тохиож байна.

 

Тодруулбал, Дэлхийн эмэгтэй шилдэг холбоодын мэргэжлийн хөл бөмбөгийн салбарт зүтгэгч 6 бүсгүйтэй нэг дор цугларч, туршлага хуваалцах, тэдэнтэй сонирхолтой ярилцлага өрнүүлэх, цахим уулзалтыг Зайсан Хилл цогцолборын Prime Cineplex нэгдүгээр танхимд 10 дугаар сарын 12-ны 13 цагаас Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос зохион байгуулах юм байна.






Эмэгтэйчүүд хөл бөмбөг тоглож чаддаг гэдгийг, эмэгтэй тамирчин дэлхийн тавцанд ур чадвараа харуулж чаддаг гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд хэдэн арван жилийг үдэж байгаа билээ. Харин энэ удаа монголын эмэгтэй хөлбөмбөгчид, сонирхогчдод дэлхийн шилдгүүдээс суралцах, туршлага судлах боломж ийнхүү нээгдэж байна.



Ташрамд сонирхуулахад, Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ 1991 оноос хойш долоон удаа зохион байгуулсан бөгөөд АНУ-ын шигшээ баг хамгийн олон буюу 4 удаагийн аварга /1991, 1999, 2015, 2019 онуудад/ болоод байгаа юм.





Манай улсын хувьд хамгийн анхны эмэгтэй хөлбөмбөгийн тэмцээн 2006 оноос мини /тал/ талбайд болж байлаа. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарын санаачлагаар 2015 онд бүтэн талбай дээр анхны лиг буюу УАШТ-ийг зохион байгуулсан түүхтэй. Энэ тэмцээнд 10 баг оролцож тойргийн журмаар тоглож аваргаа шалгаруулсан юм. 





Холбоотой мэдээ