УДБЭТ 58 дахь улирлын тоглолтоо “Учиртай гурван толгой” дууриар нээнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-09-30 16:16:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/-ын хамт олон 58 дахь тоглолтын улирлын тоглолтоо 2020 оны 10 дугаар сарын 3-нд хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дууриар нээнэ. Харин 10 дугаар сарын 4-нд хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетыг тоглох юм.


Энэ онд Монгол Улсад хөгжмийн театр үүсэж хөгжсөний 70 жилийн ой, УДБЭТ-ын тоглолтын 58 дахь улирал тохиож буй юм. 1934 онд Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдорж анхУчиртай гурван толгой”-г аялгуут жүжиг хэлбэрээр бичсэн бөгөөд энэ удаа тайзнаа 2448 дахь удаагаа тоглох гэж буйгаараа онцлогтой.


УДБЭТ-ын захирал Ц.Түвшинтөгс: Соёлын яамтай болсноор соёл урлагийн ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал, уран бүтээлийн чанар чансаа сайжирна. Ирэх 2021-2024 онд уламжилж ирсэн тоглолтуудаа цахимжуулах, үндэсний бахархал болсон түүхэн болон залуучуудад чиглэсэн урлагийн бүтээлийг түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөж байна. Төв Азийн цээжин дэх сонгодог урлагийг  түүчээлэн манай театр 70 жилийн ойтойгоо золгож байна. Энэ жил “COVID-19” халдварын улмаас 70 жилийн ойн үйл ажиллагааг хойшлуулсан байсан. Эдгээрийг 2021 онд хийхээр төлөвлөөд байна.

Уран сайхны удирдаач Б.Солонго: Энэ жил маш олон ой тохиож байгаатай холбогдуулан сонгодог урлагт хайртай үзэгчиддээ зориулан урын сангаасаа шилдэг бүтээлүүдээ түлхүү тоглох гэж байна.  Энэ нь манай дуучин, хөгжимчин, бүжигчдийн урын санг тэлэх боломж олгож байна. Мөн шинэ сайхан уран бүтээлүүдийг үзэгч олон маань үзэж сонирхох таатай нөхцөл бүрэлдэж байна.  Энэ  онд хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан 2000-аад тоглосон  “Өгөөдэй хаан”, “Гүн гэрийн гүнж”дуурь, “Гүег” балетыг  сэргээж  тоглоно.


Тоглолтын нээлтийн үеэр уран бүтээлийн түүхэн үзэсгэлэн дэлгэхээс гадна тасалбар худалдан авсан үзэгчдийн дунд азтан шалгаруулах аж. Түүнчлэн нээлтэд ирэхдээ үндэсний хэв маяг илэрхийлсэн хувцастай ирэхийг хэвлэлийн хурлын үеэр уран бүтээлчид уриаллаа.


Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьжээ.

“Учиртай гурван толгой” дуулалт эх зохиолыг үндэслэн “Үйлийн гурван толгой” Монголын сонгодог балетыг 1987 онд Төрийн шагналт Б.Жамъяндагва дэглэн найруулж УДБЭТ-ын тайзнаа тоглосноос хойш эдүгээ 33 жилийг ардаа орхижээ. Уг зохиол нь XIX зууны сүүлийн хагаст Монголын Дорнод нутагт болсон бодит түүхээс сэдэвлэн бүтсэн бөгөөд анх “Учиртай гурван толгой” жүжгийн зохиолын гарчгийг тавихдаа үйл явдалд болсон нутаг усны нэрээр “Үйлийн гурван толгой” хэмээн нэрлэж байсан аж. 


Э.Ариунзул

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ