Монголын хамгийн шилдэг эмч нар Орхон аймагт ажиллана

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2020-09-30 16:04:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Батлут, Ж.Чинбүрэн нар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Эрүүл Эрдэнэт хүн” хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.


Ингэснээр Орхон аймагт Монгол Улсын хамгийн шилдэг эмч нар 3-6 сарын хугацаатай байрлаж ажиллах нөхцөл бүрдэж байгаа аж.  Уг хөтөлбөр 2024 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үүний үр дүнд орон нутгийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд шилдэг эмч нараас суралцах боломж бүрдэхийн зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна. Орхон аймгаас жилд дунджаар 10 мянга орчим иргэн Улаанбаатар хотыг зорьж эрүүл мэндийн тусламж авдаг байна. 


Орхон аймгийн төр захиргааны байгууллагаас хүний хөгжилд чиглэсэн бодлого хэрэгжүүлж, зөвхөн сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт орон нутгаас 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний үр дүнд элэгний B, C вирус эмчлэгдсэн хүний тоогоор улсад тэргүүлж байгааг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд онцоллоо.

Холбоотой мэдээ