Төв аймгийн хөдөлмөрч манлай 9 ахмад шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-29 15:33:38

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ИТХ, ЗДТГ-аас аймгийнхаа ахмадуудад хүндэтгэл үзүүлэх нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж хөдөлмөрч манлай есөн ахмадаа шалгарууллаа. 

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд  УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Магнайбаяр, Ахмадын хорооны дарга Р.Лхагва болон ахмадууд оролцсон юм. 

Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, аймаг орон нутгаас гаргаж байгаа бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангахад ахмадуудын нөр их туршлага, зөвлөмж чухал үүрэгтэйг онцлов. Мөн аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, сумдын ахмадын байгууллагуудыг тохилог байраар хангах, сар шинийн баяр, ахмадын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, ахмад настнуудыг амралт, рашаан сувиллын хөнгөлөлтөд хамруулах, тусгай хэрэгслийн нэг удаагийн хөнгөлөлт, тусламжид хамруулах, насны хишиг, тэтгэмжийн талаар мэдээлэл хүргэв. 

Ийнхүү “Төв аймгийн Хөдөлмөрч манлай ахмад”-аар Баян-Өнжүүл сумын өндөр настан И.Дугарсүрэн, Лүн сумын Ц.Даваадорж, Баянхангай сумын Д.Тэгшээ, Борнуур сумын А.Энх-Амгалан, Алтанбулаг сумын Л.Цэрэндэжид, Цээл сумын Л.Оюунтуяа ,Баянцогт сумын Д.Болд, Зуунмод сумын Б.Цэрэндолгор, Зуунмод сумын өндөр настан Ж.Адишгүй нар шалгарлаа.

Мөн Төв сайхан нутгийнхаа хөгжил цэцэглэлт, ирээдүй, хойч үеийнхээ сайн сайхны төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулсан ахмадуудыг төрийн болон аймгийн шагналаар шагнасан юм. Үүнд

- Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор Борнуур сумын өндөр настан М.Сүрэнжав

- Аймгийн ИТХ-ын Хүндэт тэмдгээр Зуунмод сумын өндөр настан Д.Намжилдорж

- Аймгийн ИТХ-ын Хүндэт жуухаар Зуунмод сумын өндөр настан Б.Түмэндэлгэр

- Аймгийн Засаг даргын Хүндэт тэмдгээр Зуунмод сумын өндөр настан Г.Бямбагаваа, Р.Жамба, С.Баясгалан

 Аймгийн Засаг даргын Хүндэт жуухаар Зуунмод сумын өндөр настан Ц.Донтормаа нар шалгарчээ. 


Холбоотой мэдээ