"Эрдэнэс Монгол" нэгдлийн залуус ур чадвараар өрсөлдлөө

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-29 13:41:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэс Монгол" ХХК өөрийн харьяа, төрийн өмчит компаниуд болон хэрэгжүүлж буй төслийн нэгжийн ажилтнуудыг чадавхжуулах "Хакатон дата соёл" ур чадварын тэмцээнийг "Улаанбаатар инновацын төв"-д зохион байгуулав. 

Анх удаа зохиож буй уг тэмцээнд 13 компанийн 70 гаруй, инженер техникийн ажилтан залуус 9 баг болон оролцсоноос тэргүүн байранд "Багануур" ТӨХК-ийн инженер Э.Баттулга тэргүүтэй баг шалгарлаа. Тус багийнхан “Төрийн өмчит компаниудын нийтэд тайлагнаж буй мэдээллийг тоо болон чанарын хувьд сайжруулах нь" сэдвээр шийдэл танилцуулсан юм. 


Олон улсад түгээмэл зохион байгуулдаг энэхүү “Хакатон дата” тэмцээн нь тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэргэжил, чадвартай ажилтнуудыг нэг баг болгон бүрдүүлж, богино цаг хугацаанд шинэ санааг хөгжүүлж асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх шийдлийг гаргадгаар онцлог юм. 


"ЭМГЛ-ONE TEAM-Дата хакатон-2020" тэмцээнээр уул уурхайн компаниудын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, төсвийн орлогод үзүүлж буй хувь нэмэр, төрийн өмчит компаниудын тайлан, мэдээллийг хөндсөн сэдвийн хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн залуус өрсөлдсөн юм. Мөн төрийн өмчит компаниудын худалдан авах ажиллагаанд дүн шинжилгээ хийх, ижил төстэй компаниудын санхүү, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг харьцуулах, бүтээмжийг сайжруулах талаар инженер, мэргэжилтнүүд ур чадвараа сорилоо.

Холбоотой мэдээ