Трамп, Байден нар мэтгэлцэнэ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-09-28 10:38:07

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Жо Байден нар эхний мэтгэлцээнээ мягмар гарагт гар барихгүйгээр эхлүүлнэ.


“Нэр дэвшигчид чиглүүлэгч-хөтлөгчтэй мөн гар барихгүй” гэж ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний хорооны ахлах зөвлөх Питер Эйрийн мэдээлснийг “Fox News” сувагт иш татан уламжилжээ.


Охайо муж улсын Кливленд хотноо болох мэтгэлцээний тайзан дээр гарсны дараа Д.Трамп, Ж.Байден болон хөтлөгч нар амны хаалт зүүхгүй ажээ. Энэ удаагийн мэтгэлцээнийг өмнөх үйл ажиллагаануудтай харьцуулахад цөөн үзэгчтэйгээр явуулах бөгөөд хүн болгон “COVID-19”-ийн шинжилгээ өгч, эрүүл ахуйн дүрэм журмуудыг баримтлах шаардлагатай.


“Case Western Reserve” их сургуульд болох 90 минутын мэтгэлцээний үеэр “Трамп, Байдены намтар”, “Дээд шүүх”, “COVID-19”, “Эдийн засаг”, “Хотуудад өрнөж буй эсэргүүцлийн жагсаал”, “Сонгуулийн шударга байдал” хэмээх зургаан сэдэвт гол анхаарлаа хандуулах ажээ.


Энэ зун ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хоёр мэтгэлцээнийг товлоод байсан боловч коронавирусний цар тахлын улмаас хойшлуулахад хүрсэн юм. Д.Трамп, Ж.Байден нарын дараагийн мэтгэлцээн ирэх 10 дугаар сарын 15-нд Майами хотноо болно. 

Холбоотой мэдээ