Туул голын урд эрэгт амралтын талбай байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-09-26 17:26:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар Туул голын урд эргийн 1.6 км газрыг амралтын талбай болгон тохижуулжээ. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг шалгалаа.


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, “Тохижилт бүтээн байгуулалтын ажил дуусаж байна. Ирэх долоо хоногт хяналтын камер суурилуулна. Мөн харуулын байр хийсэн. Учир нь оройн цагаар хүмүүс ирж архидан согтуурах асуудал гарч байна. Тиймээс бид байнгын харуул, хамгаалалттай байлгах нь зүйтэй гэж үзсэн. Энэ талд бид Экологийн цагдаагийн албатай хамтарч байна. Тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбайгаас зарим зүйлс бас алдагдсан” гээд энд хийсэн бүтээн байгуулалтын ажилд иргэд маш сэтгэл хангалуун байдаг. Мөн хүүхэд багачууд, ахмад настанууд салхилах, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээр тогтмол ирдэг гэдгийг онцолж хэлсэн юм.


Тохижилтын ажлын хүрээнд явган зам, 30 машины авто зогсоол, түшиц хана, эко хавтан бүрэн хийж зүлэг, сандал ширээ, чийрэгжүүлэлт, хүүхдийн тоглоомын болон гар бөмбөгийн талбай, ариун цэврийн байгууламж байрлуулж, хашлаганы тросс татах, доод явган замын ажлууд хийжээ. Мөн хог ялгах цэг байршуулсан байна.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Иргэдийн ая тухтай амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлууд шат дараатай хийж байна. Түүний нэг Маршалын гүүр, Их тэнгэрийн амны баруун хойд талын хэсгийг иргэдэд зориулж тохижилт бүтээн байгуулалтын ажлыг холбогдох байгууллагууд хариуцаж хийлээ. Иргэд энд ирэхдээ хүүхэд, багачуудаа тоглоомын талбайд тоглуулж, ахмад настнууд салхилж зориулалтын дагуу ашиглах шаардлагатай. Өчигдөр тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбайгаас зарим юм алдагдсан байна. Иргэд оролцоогоо нэмэгдүүлж бүтээн байгуулалтыг эвдэлж, сүйтгэхгүй байх хэрэгтэй” гээд дүүргийн Цагдаагийн алба болон бусад холбогдох байгууллагуудад тохижилт, бүтээн байгуулалтын ажилд тавих хяналтаа нэмэгдүүлж, иргэдийг зүй зохистой ашиглахад анхаарч ажиллахыг сануулсан юм.


Холбоотой мэдээ