“Бидний хот- Ногоон хөгжил” аяны дүн гарчээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-25 16:44:27

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумаас “Бидний хот- Ногоон хөгжил” аяныг дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлж, нэгдсэн дүнг гаргажээ.

Тус аяны хүрээнд нийтийн эзэмшлийн 50 метр газрын ногоон байгууламжийг арчлах, хог хаягдал цэвэрлэх, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн бүтээлч ажлаараа байгууллагууд өрсөлдсөн юм.

Улмаар “Бидний хот- Ногоон хөгжил” аяны тэргүүн байрт Жаргалант сумын Тавдугаар цэцэрлэг шалгарч, таван сая төгрөгийн батламж олгов. 

Харин дэд байрт Жаргалант сумын ерөнхий боловсролын “Цаст–Алтай” цогцолбор сургуулийн хамт олон шалгарсан бөгөөд гурван сая төгрөгийн батламж гардан авчээ. Тус хамт олон аяны хүрээнд дөрвөн тагт цэцэг тарьсан. Мөн 232 мкв талбайг шинээр зүлэгжүүлсэн байна. Түүнчлэн Ард-Аюушийн хөшөө цогцолборын тохижилт, ногоон байгууламжийг сайжруулсан аж.

Ийнхүү орчныхоо 50 метр газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, тохижилтыг сайжруулж чадсан дээрх байгууллагын шагналыг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, холбогдох мэргэжилтнүүд гардуулан өгч баяр хүргэв. 

Холбоотой мэдээ