НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-09-23 10:53:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Бидний хүсч буй ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ: Олон талт хамтын ажиллагааг даган мөрдөх хамтын үүрэг амлалтаа дахин нотлох нь” сэдвээр энэ сарын 22-нд эхэлсэн талаар Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас мэдээлэв.


Ерөнхий санал шүүмжлэлд нийт 122 улсын төрийн тэргүүн, 54 улсын Засгийн газрын тэргүүн, 18 улсын Гадаад хэргийн сайд нар оролцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн 9 дүгээр сарын 23-ны хуралдаанд үг хэлж, олон улсын харилцааны асуудлаар байр сууриа илэрхийлж, “COVID-19” цар тахлын эсрэг нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулна.


Ерөнхий санал шүүмжлэлийг нээж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес дэлхийн геостратегийн зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт, үл итгэлцэл, цахим технологийн сөрөг үр дагавар, "COVID-19" цар тахал зэрэг 5 сорилттой тулгарч байгааг дурджээ. Мөн энэ оны 3 дугаар сард түүний санаачилсан “Дэлхий нийтээр гал зогсоох уриалга”-д 180 улс нэгдсэнийг хэлээд, дэлхийн хамгийн том эдийн засагтай 2 гүрний хооронд зөрчил маргаан лавшрах төлөвтэй байгаад санаа зовинож буйгаа илэрхийлсэн байна.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкир "COVID-19" цар тахалтай тэмцэхэд НҮБ-ын агентлагууд, түүний дотор ДЭМБ-ын хүч чармайлтыг нэмэх ёстойг онцлон, цар тахал, ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт болон бусад сорилттой үр дүнтэй тэмцэхийн тулд НҮБ-ын чадавхийг бүрэн ашиглаж, хамтран ажиллахыг гишүүн улсуудад уриалжээ.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 9 дүгээр сарын 22-29-нд үргэлжилнэ.

Холбоотой мэдээ