Эмч нар дохионы хэлний сургалтад хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-23 09:57:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Гуравдугаар төв эмнэлэг эмнэлгээр үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр 35 ажилтанд зориулсан дохионы хэлний анхан шатны цуврал сургалтыг өчигдрөөс явуулж эхэллээ.


Сургалтыг Эрүүл мэндийн сайдын 2020 оны 8 сарын 18-ны өдрийн “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны удирдамж” болон  “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо хөгжлийг дэмжих, үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж байна.


Уг сургалтыг Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн дохионы хэлний багш М.Сарантуяа удирдан явуулж байна.


Ташрамд дурдахад, уг сургалтыг энэ сарын 21-27-нд тэмдэглэж буй “Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоног”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм. Энэ жил “Дохионы хэл”, “Дохионы хэл бүхий тэгш хүртээмжтэй орчин”, “Дохионы хэлний олон улсын өдөр буюу дохионы хэлний эрхийг хүн бүрт”, “Үндэсний дохионы хэлийг хуулиар баталгаажуулах нь”, “Тэгш боломжийг сонсголгүй иргэдэд”, “Сонсголгүй хүний манлайлал”, “Би хүний эрхийн төлөө дохино” зэрэг сэдвийн хүрээнд тэмдэглэх юм.


Холбоотой мэдээ