Т.Энхээ: Аав "МОНЦАМЭ Москвагаас мэдээлж байна" гээд өглөө, оройгүй ажилладаг байлаа

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-22 12:04:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх орны хөгжил, бүтээн байгуулалтын түүхийг зуун жил бичилцэж буй үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт олон арван сэхээтэн, сэтгүүлч уран бүтээлч ажиллаж ирсний нэг нь нэрт орчуулагч, сэтгүүлч, нийтлэлч, эрдэмтэн Э.Түмэнжаргал юм. 

Тэрээр 1968-1970 онд МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга бөгөөд орос хэлээр эрхлэн гардаг "Новости Монголии" сонины эрхлэгчээр ажиллаж байв. Мөн МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагчаар очиж байсныг түүний охин Т.Энхээ дурсаж байна. Т.Энхээ мөн МОНЦАМЭ агентлагтай ажил хөдөлмөрөө холбосон нэгэн. Түүнтэй уулзаж ярилцлаа. 


-Э.Түмэнжаргал гуай МОНЦАМЭ агентлагийн орлогч даргаар шууд ирж ажиллаж байсан уу, эсвэл өмнө нь эндээ ажиллаж байгаад орлогч дарга болсон уу? Та аавынхаа тэр үеийг дурсана уу?

-1960-аад эхээр аав минь "Үнэн" сонинд утга зохиолын ажилтнаар ажиллаж байсан. Тэр үед орчуулга хийдэг, орос, англи гадаад хэлтэй, боловсон хүчнүүдийг хүч тарамдуулахгүй гэж бүтэн багаар нь МОНЦАМЭ-д татаж шилжүүлсэн юм билээ. 

МОНЦАМЭ-д гадаад мэдээллийн алба буюу редакц байгуулж байсан үе юм болов уу гэж боддог. Ингээд аав маань эхлээд Мэдээлэл радиогийн Хэрэг эрхлэх газар (МРХЭГ)-ын орлогч даргаар очиж, сонины сэтгүүлийн  нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч хийсэн. 

Энэ нэгдсэн редакцид "Орчин үеийн Монгол Улс" сэтгүүл, орос хэлээр гардаг "Новости Монголии" сонин, мөн хятад хэлээр гардаг "Монголын мэдээ" сонин багтаж байсан. Улмаар 1968 онд МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга бөгөөд "Новости Монголии" сонины эрхлэгчээр 1970 он хүртэл ажиллаад Москва дахь сурвалжлагчаар томилогдсон. 

Энэ хооронд нэг хэсэг даралт нь ихсэж, бие нь муудаж эрүүл мэндийн шалтгаанаар гэсэн эмнэлгийн актаар ажлаа түр өөрчилж, ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар хэсэг хугацаанд ажиллаж байгаад эргээд МОНЦАМЭ-даа ирж орлогч даргаар ажилласан. Аав маань орой, үдэш их суудаг учир хааяа даралт нь өндөр болж бие нь мууддаг байсан юм. 


Социалист орнуудын мэдээллийн агентлагийн захирал нарын чуулган дээр Д.Наваансүрэн, Б.Дагва, Х.Чулуундорж нарын хамт. Москва.1973 он. 


...Ингээд удахгүй манайх Москва явсан. Тэр үед Москвад "Үнэн" сонины сурвалжлагч Сүрэнжав гэж хүн хавсарч хийж байсан бол аав МОНЦАМЭ-гийн бие даасан сурвалжлагчаар очиж байсан юм. Тэр үед буюу 1970 онд Намын Төв хорооноос МОНЦАМЭ нь Монгол Улсын мэдээллийн том агентлаг учир Москвад буюу ЗХУ-д өөрийн бие даасан сурвалжлагч суулгах шийдвэрийг гаргаж байсан юм билээ. Үүний өмнө МОНЦАМЭ Москва дахь сурвалжлагчтай байсан боловч хавсарч хийж байсан бололтой юм билээ. Аав Москвад МОНЦАМЭ болон радио, телевиз гэсэн 3 газрыг төлөөлсөн сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Тэр үед би Москвад оюутан байсан. 


-Та ямар сургуульд сурч байв?

-Морис Терезийн (Францын хувьсгалч) нэрэмжит Гадаад хэлний дээд сургуульд сурч байсан. Сургуулиа төгсөөд би  мөн МОНЦАМЭ-д англи хэлний орчуулагчаар англи хэлээр гардаг "Монголия" сэтгүүлд ажиллаж байсан. Намайг 1976 онд сургуулиа дүүргээд ирэхэд аав хуучнаар ДСНК буюу Зөвлөлтийн Шинжлэх ухаан, соёлын ордонд (одоогийн Оросын Шинжлэх ухаан, соёлын төв) референт-орчуулагч хийж байсан. 


-Аав тань яагаад тэгэж ажлаа өөрчлөх болсон юм бол?

-Нэгд, мөн л бие нь муудаж, ажлын шаардлагаар, хоёрт, ДСНК-аас өөрсдөө хүсэлт тавьсан юм билээ. Аавыг маань эх орноороо их явдаг, хөдөө гадааны талаар, Монголын талаар сайн мэддэг, орос, англи хэлтэй, бусадтай холбож өгөх, чадвартай, мэргэжлийн орчуулагч хүн хэрэгтэй гэдэг үүднээс санал тавьж, Төв хороо шийдвэр гаргаад 1977 оноос ажиллуулсан юм билээ. 


-Э.Түмэнжаргал гуай Москвад сурвалжлагч байхдаа хэрхэн ажиллаж байв. Хэр их ажилтай байдаг байсан бэ?

-Өө, ажил ихтэй байсан. Яагаад гэвэл, тэр үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд одоогийн энэ Латви, Литви, Эстони, Беларусиас аваад Казахстан, Туркменистан, Киргиз, Гүрж гээд дундад Азийн орнууд, 15 улс харьяанд байдаг, тэр улсуудын хотоор явж сурвалжилга хийдэг байсан. Манайх тэгэхэд Москвагийн төвд, Кольцовад байсан. 

Аавын ажлын өрөө хажуугийн айл шиг залгаад зэрэгцээ коридорт байдаг, тэнд нь нөгөө телетайп байдаг, Улаанбаатараас цагийн зөрүүтэй, шөнө орой, эсвэл үүрээр чинь таг таг дуугараад мэдээ ирдэг байлаа. Тэгэхэд аав босоод ажлын өрөө рүүгээ орчихдог, Монголоос ирж байгаа мэдээнүүдийг АПН зэрэг мэдээллийн агентлагт орчуулж дамжуулдаг, ЗХУ-аар явсан мэдээ, сурвалжилгаа Улаанбаатар руу, МОНЦАМЭ руугаа, мөн давхар радио, телевиз рүү илгээдэг их ажилтай байсан. 



МОНЦАМЭ агентлаг Москвагаас мэдээлж байна...


Жишээ нь, Ялалтын баяраар Монголоос ирсэн зочдыг Улаан талбайгаас шууд орчуулж холбож өгөн "Гүүр" гээд нэвтрүүлэг хийж байсан. Түүнд нь Л.Дандар баатар нэг удаа оролцож байлаа. Одоо тэр нэвтрүүлэг, мэдээ нь МҮОНРТ-ийн архив, фондод байгаа байх...


-Аав тань хэдэн хэл мэддэг байв? Манай төрийн удирдагчид Жоу Эньлай болон С.Хрущевтай уулзахад орчуулагчаар ажиллаж байсан мундаг орчуулагч байсан гэдэг. Хятад хэлийг яаж сурсан юм бол? 

-Аав орос, хятад, англи хэлийг сайн эзэмшсэн, мөн төвөд хэлийг сурсан хүн байсан. Орос хэлийг 1945 онд, дайны дараа зохиолч Ч.Чимидтэй хамт орос хэлний бага сургуульд явж байсан юм билээ. Лениний нэрэмжит клубийн дэргэд орос хэлний дугуйлан ажилладаг, Д.Төмөр-Очир гуай (Намын Төв хорооны Улстөрийн товчооны гишүүн байгаад хэлмэгдэж хожим хүнд алуулсан) багш нь байсан гэдэг. 


БНХАУ-ын ерөнхий сайд Жоу Эньлай Төв музей үзэж байгаа нь. Улаанбаатар хот. 1960 он. 


Ер нь бол аав маань Багшийн Их сургуулийн монгол хэлний ангийг төгссөн хүн. Аав маань багадаа өглөө нь орос сургуульд, орой нь монгол сургуульд явдаг сүүлийн хичээл дээрээ ядраад унтаад өгдөг байсан гэдэг. Хятад хэлийг Шийюаньзад (ший үзвэрийн хүрээ орчмын газар) хятад хүүхдүүдтэй их найзалдаг байхдаа анхлан сурсан юм билээ. Тэгээд өөрөө бага байхын л их хичээнгүй, хятад хүүхдүүдийн хичээлийг дагаж сурсан, өдөрт дэвтэр дээрээ 2 хуудас, хятад бичгийг дуурайж бичдэг, түүнийгээ орой нь гэрийнхэндээ үзүүлээд, дараа нь гарч тоглодог, нэг ёсондоо даалгавраа хийчихээд гардаг байсан гэж эмээ маань ярьдаг байсан. 

1963 онд манай улсын нам, төрийн төлөөлөл Москвад очиход С.Хрущевт хэлмэрчилж, мөн БНХАУ-ын ерөнхий сайд Жоу Эньлай Монголд ирэхэд орчуулагч хийж байсан. ЗХУ-д байхдаа, сурч болон ажиллаж байхдаа Л.И.Брежнев болон маршал С.М.Будённыйтай уулзаж байсан. 

Мөн 1953 онд Монгол-Хятадын төмөр замын хэлэлцээрт оролцож, 1962 онд БНМАУ, БНХАУ-ын хоорондын хилийн гэрээ байгуулахад нарийн бичгийн дарга хийж байсан хүн. 


-Мао Зэдунтэй уулзаж байсан гэсэн нэг түүх бий юу?

-Үгүй ээ, тухайлан уулзаж байгаагүй. БНХАУ тунхагласны ой нь болоход индэр дээр таарч байсан юм билээ. 


-Аав тань нэртэй орчуулагч, сэтгүүлч, нийтлэлчээс гадна хэл бичгийн судлаач, эрдэмтэн багш байсан хүн. Яагаад эрдмийн цол аваагүй юм бол?

-Уг нь хятад хэлээр хамгаалахаар БНХАУ-д сурч, ажиллаж байсан ч Хятадад гарсан "Соёлын хувьсгал"-ын үеэр 1966 онд буцаж ирээд хамгаалж чадаагүй юм. Аав МУИС-ийн Монгол хэл, утга зохиолын ангийн анхны төгсөгчийн (1949 онд төгссөн) нэг байсан. Монгол хэл, уран зохиолын багш, хятад хэлтэй болохоороо Хятадын уран зохиолыг судалж байсан юм. Хүмүүс аавыг минь эрдмийн зэрэггүй эрдэмтэн хүн гэдэг байлаа. Хятадын "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэсэн түүх" зохиолыг монгол хэлнээ орчуулсан юм. 

Ажил, мэргэжлийнхээ шугамаар олон хүнтэй танил байсан. Оросын нэрт эрдэмтэн, монгол судлаач А.В.Бурдуковын охин Ленинградын Дорно дахины Их сургуулийн багш, дэд эрдэмтэн Таиса Алексеевна Бурдукова аавд минь бичиж байсан захидал цуглуулгад нь хадаглагдаж байгаа. 


-Та МОНЦАМЭ агентлагтай яаж холбогдсон бэ? 

-Сургуулиа төгсөж ирэнгүүтээ 1976 оноос ажиллаж эхэлсэн. Анхны ерөнхийлөгч П.Очирбатын орчуулагч байсан Д.Сүхжаргалмаа болон Ж.Жаргал, бид 3 чинь орос хэлтэй гээд МОНЦАМЭ-гийн нэр дээр хойшоо сургуульд явсан юм. Мөн Монголын радиогийн гадаад мэдээний редакцид ажиллаж байсан Наранцэцэг (франц хэлний анги төгссөн) бид хэд төгсөж ирсэн юм. 

Тэгээд л тэр үеийнхээ шугамаар явсан, явуулсан байгууллагадаа буюу МОНЦАМЭ-дээ ирж, гадаадад мэдээлэх алба гээд байсан, тэнд англи хэлээр гардаг сэтгүүлд ажиллацгаасан. Албаныхаа шугамаар "Новости Монголии" сонинд мөн ажилласан. Тэр үед мөн англи хэлтэй боловсон хүчин цөөн, мөн ажил олоход ховор байсан үе. Би 1982 он хүртэл 7 жил ажиллаад номын худалдаанд англи хэлтэй хүн хэрэгтэй гээд тийшээ очиж, дараа нь багшилсан даа. 


ЗСБНХУ, БНАГУ, Чехословак, Унгар зэрэг социалист орнуудын нам, төрийн удирдлагчдын уулзалтын үеэр. 1958 он. Ардчилсан Герман улс. Б.Шарав, Д.Сүрэнжав, Э.Түмэнжаргал, Гадаад хэргийн сайд Арьяасүрэн нарын хамт. 


-Тэр үед МОНЦАМЭ-д ажиллах нөхцөл байдал хэр байв. Хэн хэнтэй ажиллаж байв?  

-Зөвлөлтийн (Оросын) нэг мэргэжилтэн бидэнтэй цуг ажилладаг байсан. Дотоод  мэдээнд Б.Дорж гуай, Ж.Үнэнбат, Ц.Даваажав (орчуулагч, тоймч) гээд хүмүүс байлаа. Гадаад мэдээнд Г.Адъяа гуай, Н.Даваа, Ч.Эрдэнэ, манай Ж.Жаргал бас байсан. Тэр үед МОНЦАМЭ-гийн даргаар С.Пүрэвжав гуай байсан. Манай сэтгүүлийн эрхлэгч Доржсүрэн гэж хүн байсан. 

Хариуцлагатай нарийн бичгийн дарга нь Ц.Эрдэмбилэг байсан. Дараа нь Оросын мэргэжилтэн Лиза Ивановна Бондарева ирээд, тэгээд бид нар ажилладаг байлаа. Англи хэлээр гардаг сэтгүүлд бид мэдээ, сурвалжилгаа орсоор бичиж өгдөг, тэгээд хойшоо ЗХУ-д эхийг нь явуулж, тэнд англи хэлээр гаргаад нааш нь явуулдаг байлаа. 


Зөвлөлт-Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, сансрын нисэгч В.Горбаткогоос ярилцлага авч буй нь. "Монгол Улс" сэтгүүлийн сурвалжлагч Т.Энхээ, радиогийн сурвалжлагч Н.Хурц нар. 1977 он. 


Манай сэтгүүлийн гэрэл зурагчнаар Д.Цэрэннадмид ажиллаж байсан. Тэр үед Японд гэрэл зургийн нэг үзэсгэлэн болсон юм. Мань хүн “Уяан дээрх хүүхдүүд” гэдэг нөгөө зургаа явуулсан чинь олон улсын тэр гэрэл зургийн үзэсгэлэнд түрүүлээд "Никон" аппаратаар шагнуулж бөөн баяр болж билээ. Тэр үед чинь гэрэл зургийн сайн аппарат хэрэгсэл ховор, "Никон" гэдэг чинь Монголд олдохгүй, тэгээд асар их үнэтэй тийм аппараттай болно гэдэг чинь тэнгэрийн умдаг атгаж байна гэсэн үг. Тэгээд Д.Цэрэннадмид манай сэтгүүлийн сурвалжлагч болж байсан юм. 



Б.Болд. Э.Ариунзул

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ