Иргэд өргөдөл гомдол, саналаа цахимаар өгнө

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-21 09:15:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Иргэдийн өргөдөл, гомдол, санал авах 11-11 төвийн үйлчилгээг E-Mongolia.mn нэгдсэн системд холбоно. Ингэснээр иргэдийн өргөдөл, гомдол, саналыг веб чат, веб сайт, мобайл аппликейшн, мессеж, имэйл, фэйсбүүк, твиттер, утасны дуудлага, дуут шуудан, киоск зэрэг аль ч дижитал сувгаар төрд хандахад биеэр очсонтой адил иргэнийг танин баталгаажуулах боломж бүрдэж байгаа юм.

Энэ талаар албаны хүмүүс болон систем хөгжүүлэгч инженерүүд өнгөрсөн баасан гарагт Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт уулзлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд Дижитал нийгмийн иргэний хэрэгцээнд нийцүүлэн Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн систем, дэд бүтцийг бүрэн шинэчилсэн нь удахгүй ашиглалтад орно. Иргэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцыг хянаж, төрөөс өгсөн хариу болон шийдвэрлэлтэд иргэний үнэлгээг авч төрийн албаны харицлагыг нэмэгдүүлнэ. Ингэснээр төр иргэнээ сонсож, шийдвэртээ тусгах дүн шинжилгээний цахим мэдээллийн санг бүрдүүлэх юм.

Холбоотой мэдээ