“Алтай түншлэл-2020” үзэсгэлэн худалдаа болж байна

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2020-09-20 17:31:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 2003 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтай түншлэл-2020” үзэсгэлэн худалдаа  энэ удаа “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор болж байна.


Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сум, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч иргэдийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, сурталчлах, үйлдвэрлэх хэмжээг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, тухайн оны шинэ бүтээгдэхүүнийг гаргах зорилготой энэхүү үзэсгэлэн худалдааг 17 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн үзэсгэлэн худалдааг тус аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын аймаг дахь салбар хамтран зохион байгуулж буй юм. Үзэсгэлэн худалдаанд 17 сумын 80 гаруй аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгч оролцож байна.

Мөн үеэр шилдгийн шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулж шилжин явах цом, туг, өргөмжлөл, мөнгөн шагналыг уламжлал ёсоор олгох бол 15 номинаци тус бүрд хоёр шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулан цом өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан Алтай нутгийн брэнд бүтээгдэхүүнийг ард иргэдэд сурталчлан таниулах ажээ.