Д.Трамп: Дээд шүүхийн шүүгчид эмэгтэй хүний нэрийг дэвшүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-09-20 13:01:33

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Рут Бейдер Гинсбург таалал төгссөнтэй холбогдуулан түүний албан тушаалд эмэгтэй хүний нэрийг дэвшүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


“Би нэр дэвшигчийг ирэх долоо хоногт танилцуулах бөгөөд эмэгтэй хүний нэрийг дэвшүүлэх болно” гэж Д.Трамп бямба гарагт Хойд Каролина муж улсын Фейетвилл хотноо болсон кампанит ажлын цуглааныхаа үеэр мэдэгдсэн байна.


Д.Трампыг ийнхүү хэлэх үеэр дэмжигчид нь “хоосон суудлыг дүүргэ” хэмээн хашхирч байжээ. Өмнө нь Ерөнхийлөгч Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвших боломжтой хэмээн хоёр эмэгтэйг нэрлэсэн юм.


Дээд шүүхэд 27 жил ажилласан Р.Гинсбург хорт хавдрын улмаас баасан гарагт нас барснаар ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиар улиран сонгогдохыг эрмэлзэж буй Д.Трампад консерватив олонхыг өргөжүүлэх боломж үүсжээ.


Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн хүнийг Сенат батлах ёстой бөгөөд уг танхимд Д.Трампын бүгд найрамдахчууд олонхын суудал эзэлдэг билээ. 

Холбоотой мэдээ