“King Tug” Н.Төгсцөгт тулаанд 100 хувь бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-19 15:04:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын боксын  олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын IBO /International boxing organization/ холбооны 57,2 кг жинд  Дэлхийн аварга болж байсан  “King Tug” Нямбаярын Төгсцогт өнөөдөр болох тулаандаа бүх талаар 100 хувь бэлэн болжээ.


Тэрбээр АНУ-ын Коннектикут мужийн  Анкасвилль хотын “Mohegan Sun Casino& Hotel” цогцолборын 12000 хүний суудалтай “ Mohegan Sun Arena” ордонд Барбадосын” Soldier”  хочит Кобиа Брийдитэй тулалдахад бэлэн болсон талаар АНУ-д амьдарч, ажиллаж байгаа спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ ийнхүү мэдээлж байна.


Н.Төгсцогт өчигдөр “title eliminator” буюу хэн ялсан нь WBC холбооны  57,2 кг жинд дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдах эрх авах тун чухал тулаанд оролцохоор өрсөлдөгчийнхөө хамт жингээ үзүүлжээ.



Монголын мэргэжлийн боксчин Н.Төгсцогттой тулалдах К.Брийди 28 настай, 2014 оноос мэргэжлийн бокст орохоосоо өмнө сонирхогчдын боксоор Барбадосын өмнөөс Олимпийн наадам, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд оролцож байсан, мэргэжлийн боксын рингэнд “ Soldier” /Барбадосын армид алба хааж байснаас үүдэн иим хочтой болжээ/ хочтой гарч, 15 удаа ялалт /5 КО-хүнд цохилт/ байгуулсан. 


К.Бридий одоогоор ялагдаж үзээгүй боксчин юм. Тэрбээр 163 см өндөр нуруутай, хоёр гарын алд 155 буюу өөрөөр хэлбэл манай Төгсцогтоос жижиг биетэй, чац бага тамирчин байна. “Цэрэг” хочит тэрээр АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотноо бэлтгэлээ хийдэг  аж.



Тулааныг SHOWTIME ТВ сувгаар 2020 оны есдүгээр сарын 19-ний орой Америкийн баруун эргийн цагаар 18 цагаас /Төгсцогт-Брийди нар баримжаалбал  19 цагийн орчимд  рингэнд гарна/ шууд дамжуулан үзүүлнэ.

Монголын цагаар уг тулаан есдүгээр сарын 20-ны өглөөний 9 цагаас шууд дамжуулалт эхлэх юм байна. 


Тулааны шууд дамжуулалтыг Монголын үзэгчид  Юнивишнийн Unilive88 сувгаар болон LookTV шууд дамжуулалтын сувгаар үзэж болох аж.

Холбоотой мэдээ