Налайх дүүрэгт 130 хүүхэд шинэ цэцэрлэгтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-09-18 15:07:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүрэгт 279 дүгээр цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ.

 

Нийт 130 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай энэхүү цэцэрлэг хоёр бэлтгэл, нэг ахлах, нэг дунд бүлэгтэй, 22 багш, ажилтантай байх юм.  Тус цэцэрлэгт 50 хүүхдийг дөрөвдүгээр хорооноос, 70 хүүхдийг нэгдүгээр хорооноос хүлээн авсан байна.

 

Цэцэрлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Сандаг-Очир, БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нарын албаны зочид төлөөлөгчдөөс гадна цэцэрлэгийн багш, хүүхдүүд, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцов.

 

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан, “Налайх дүүргийн хүүхдүүдийн 85 хувь цэцэрлэгт хамрагдаж байна. Цаашлаад 1, 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй сургууль, цэцэрлэг ашиглалтад орохоор дүүргийн хүүхэд багачууд 100 хувь хамрагдах боломж бүрдэнэ. Налайх дүүрэгт сүүлийн хоёр жил бүх салбарт хөрөнгө оруулалт хийж байгааг иргэд мэдэж байгаа. Орчин нөхцөлийг сайжруулахаас гадна одоо чанартай боловсрол эзэмшүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад анхаарна” хэмээлээ.

 

Ташрамд мэдээлэхэд, энэ хичээлийн жилд тус дүүрэгт шинээр хоёр цэцэрлэг, нэг цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж байна. Шинэ цэцэрлэг ашиглалтад оруулснаар 320 гаруй хүүхдийг СӨБ-д хамруулж байна. Ингэснээр 68.3 хувьтай байсан хамрагдалтыг 20 орчим хувиар нэмэгдүүлж, 82.7 хувьд хүргэжээ. Дүүргийн хэмжээнд таван настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулж буй юм. Зөвхөн боловсролын салбарт л гэхэд энэ жилд 140 орчим ажлын байр шинээр нэмэгджээ.

Холбоотой мэдээ