Элчин сайд Т.Лхагвадорж “Интернэйшнл СОС” байгууллагын ажилтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-09-18 12:16:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж “Интернэйшнл СОС” Олон улсын эрүүл мэндийн байгууллагын ажилтай танилцаж, тус байгууллагын Үйлчилгээ хариуцсан захирал Жулиана Гимтэй цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


“Интернэйшнл СОС” Олон улсын эрүүл мэндийн байгууллага нь дэлхий дахинд 65 салбар болон хамтрагч эмнэлэгтэй, олон улсын  стандартын дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Тухайлбал, 24 цагийн яаралтай тусламжийн үзүүлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээ, албан байгууллагын эрсдэл, онцлогт тохирсон эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, олон улсын стандартад нийцсэн баталгаат эм, эмийн бүтээгдэхүүн ашиглан эмчлэх зэрэг үйлчилгээг хүргэдэг байна. Сингапур Улс болон Азийн бусад улс оронд үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуй нэгжүүд болон Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудтай цар тахлын үед хамтран ажиллахад бэлэн байгаагаа тус байгууллагын төлөөлөл илэрхийллээ.


“Интернэйшнл СОС” Олон улсын эрүүл мэндийн байгууллагын харьяа “MedAire” компани нь нислэгийн үеэр болон нисэх буудал дээр эмнэлгийн яаралтай тусламж хүргэх, түүнчлэн “MedLink” төвөөр дамжуулан нисэх бүрэлдэхүүнд 24/7 зарчмаар мэргэжлийн заавар, зөвлөгөө өгдөг туршлагатай бөгөөд энэ хүрээнд “МИАТ” компанитай хамтран ажиллах боломжтой хэмээн мэдэгдэв.

Холбоотой мэдээ