Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2020-09-17 13:38:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын төр засаг, цэрэг арми, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна.


Эл өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, "Ю.Цэдэнбал академи”-ийн гишүүд, иргэд, олон нийтийн төлөөлөл Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэлээ.


Хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ, “Монголын түүхэнд нэрээ тод томруунаар сийлэн үлдээсэн энэ эрхэм хүн Монголын улс төрийн ууган манлай хүчин Монгол Ардын намын дарга болсны 80 жилийн ой энэ онд тохиож байна.  МАН-ын түүхэн замналын хагас зуун жил нь төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын үйл ажиллагаатай салшгүй холбоотой байсан юм. Ю.Цэдэнбал нь Монгол эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах хоёр дайнд цэрэг эрийн ёсоор оролцож, тусгаар тогтнолоо хөрш орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, даян дэлхийн 120 гаруй оронтой сайн санааны дипломат харилцаа тогтоох, ялангуяа бүс нутгийн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, НҮБ-д Монгол Улсаа элсүүлэхэд хамгийн томоохон үүрэг гүйцэтгэсэн хүн” гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

 

УИХ-ын дарга цааш нь хэлэхдээ, "Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал насан туршдаа суралцаж олсон өргөн дэлгэр мэдлэг, ажил амьдралын туршлага, удирдах ажилтны авьяас билэг, нөр их хөдөлмөрөөрөө ард түмнийхээ сайн сайхны төлөө үнэнчээр зүтгэж томоохон үр дүнд хүрснийг түүх гэрчилж байна. Мөн тэрбээр улс орны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, иргэд нь соёлт хүн төрөлхтний нийтлэг жишгээр ажиллах амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн юм.


Тэрбээр монгол оронд боловсрол соёлын үрийг таригч, ургуулан тордогч, шинийг бүтээгч байсан. Ардын боловсролын бүхэл бүтэн тогтолцоог төлөвшүүлж, МУИС, Анагаах ухааны сургууль, ШУА-ийг байгуулж, сансар огторгуйд мөрөө гаргасан цөөхөн орны нэг нь Монгол Улс болсон.

Хүн амын дөнгөж нэг хувь нь эх хэлээрээ уншиж бичиж байсан бол Монгол орны бүх иргэн бичиг үсэг мэддэг Азийн анхны орон болж, ЮНЕСКО-гийн шагнал хүртэх хэмжээнд хүргэсэн гавьяа түүний нэр, хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой.

Өнөөдрийн Эрдэнэт үйлдвэр, төмөр зам, 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалт бүхэн түүний үйл ажиллагаа, хөдөлмөр зүтгэлтэй холбоотой. Хүн амаа эрүүлжүүлэх, эрүүл мэндийн дэлхийн жишигт нийцсэн орчин цагийн тогтолцоог бүрдүүлэх бодлогыг дэвшүүлэн богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж хүн амаа өсгөхөд Юмжаагийн Цэдэнбал дарга онцгой үүрэг гүйцэтгэсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн" хэмээн тэмдэглэв.


Монгол Улсын төрийн тэргүүн, маршал Ю.Цэдэнбал 1940-1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байсан. Ю.Цэдэнбалыг нас барсных нь дараа Улаанбаатар хотод Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ. 2016 оны 9 сарын 21-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ.


 Гэрэл зургийг Т.Чимгээ






Холбоотой мэдээ