Мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг тогтмолжуулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-09-15 10:04:48

Архангай /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэдэх Булган суман дахь мод үржүүлгийн газар хөрс боловсруулалтын ажлыг технологийн дагуу хийж,1000 ширхэг улиас, бургасны ногоон мөчир, хүлэмжид шинэс, шар хуайс, хайлаас, гүйлс, буйлс, агчны нийт 15 кг үрийг тарьж, усалгаа, арчилгааны ажлыг тогтмол хийжээ.

Энэ нь ойжуулалтын ажлыг шинэ шатанд гаргах, тарьц суулгацын нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэх, туршилт судалгаа хийх зорилготой юм.

Мөн Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал суман дахь мод үржүүлгийн газрын хөрс боловсруулалтын ажлыг технологийн дагуу хийж, 12300 ширхэг улиасны тайрдас, хүлэмжид 15 кг шинэс, 14 кг шар хуайс, 12 кг хайлаас, 1 кг гүйлс, 1 кг голт бор, 2 кг агч, 200 гр нарсны үрийг тарьж, усалгаа, арчилгааны ажлыг тогтмол хийж байна.

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр ойжуулалт, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 175 га талбайд гүйцэтгүүлжээ. Ойн нөхөн сэргээлтийн ажилд шаардлагатай 300.0 мянга гаруй 2-3 настай шинэсийн тарьцыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, ойн мэргэжлийн байгууллагууд нийлүүлсэн байна.

Холбоотой мэдээ