УРГАЖ БУЙ БҮХНИЙГ ХАЙРЛАНАМ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-09-14 16:28:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


I.


Хэдэн хоног дараалан бороо орсны ул мөр Сэлэнгэ мөрний хөндийгөөс тодорхой үзэгдэнэ. Замын хажуугаар адуу бэлчиж, өндөр ургасан өвс ногооны үзүүр нь шарлаагүй ахуйд намрын эхэн сард л зуны таатай улирал ирж байна уу даа гэмээр сэтгэгдэнэ.


Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дийлэнх иргэд хашаандаа хүнсний ногоо, ховор жимсний бут, цэцэгс тариалахаас гадна шинэ үрийн модод тариалдаг байна. Мөнхүү тус аймагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 280 аж ахуйн нэгж, 150 гаруй иргэн 305.5 мянган га эргэлтийн талбай эзэмшин үйлдвэрлэл явуулдаг байна. Эдгээр хүмүүсийн нэг нь Сүхбаатар сумын Бор гүвээний 5 дугаар багийн иргэн Ж.Мягмардорж, Ш.Онон нар юм. Тэд нэг га газрыг мэргэжлийн тариаланчдын түвшинд нарийн хуваарилж 10 гаруй төрлийн жимсний мод, ховор цэцэгс, хүнсний ногоонууд тариалдаг ажээ.


Ж.Мягмардорж, хүнсний ногооны талбайд


Өдгөө Ж.Мягмардоржийн хашаанд ургаж буй жууцайг анх түүний өвөө тарьж ургуулсан үр гэнэ. Тиймээс ч энэ хашаанд ургаж байгаа зарим ногоо нь 70, 80 жилийн түүхийг өөртөө агуулжээ. “Анх тарьж ургуулсан жууцайны үр өдийг хүртэл бидэнд өвлөгдөж ирсэн. Одоо ч сайхан ургасан хэвээр л байна. Хүмүүс ч манай жууцайны үрээс авч тарих дуртай байдаг. “Амт нь бүр ондоо юм аа гэж магтдаг” хэмээн тариалан эрхлэгч Ш.Онон бахархан өгүүлнэ.


Тэрбээр өдгөө ес дэх жилдээ, цэцэг, мод үржүүлэх ажлыг хийж байна. Хашаанд нь жимсээ сагсайлган ургасан үхрийн нүдний мод ч мөн есөн жил ийнхүү сайхан ургаж байгаа гэнэ. “Хамгийн гол нь “Усалгаа” чухал. Мэдээж зөв арчилгаа, хөрс бордоо зэрэг олон хүчин зүйлсийн шаардлагатайгаар мод, цэцгийг тарьж ургуулна. Мөнхүү цэцэг тарьдаг айлийн хашаанд буй өвс, модод, чулуу нь хүртэл маш сайхан ургадаг” гэж хэлээд Ш.Онон цэцгийн мандал руугаа ширтэн инээмсэглэж сууна. Анх цэцэг тарьснаас хойш хамгийн ховор гэсэн гурван цэцгийг сонгож, олон өнгө гаргаж авах тал дээр нь илүү анхааран ажиллах болжээ. Энэ нь сараана, мандарваа, хонгорзул юм. Тэрбээр анх цэцэг тарьж эхлэхдээ олон зүйлийг туршсан байж таарна. Эцэст нь дээрх гурвыг сонгожээ. Гэвч энэ нь зөвхөн “чухал сонголт” бөгөөд хашаан дотор өөр нэр төрлийн цэцгүүд ч бий. “Тарьсан болгон ургаад байдаггүй. Яг тэр үед юун дээр алдсан бэ гэдгээ сайтар тунгаагаад дахин эхлүүлэх хэрэгтэй. Түүнээс бус би цэцэг тарьж, ногоо ургуулж чадахгүй юм байна гэсэн өчүүхэн бодлоор өөрийгөө дүүргээд няцаж болохгүй” хэмээн ярина. Ажилчин албан хаагчид, эргэн тойрны тариаланчдад энэ үгсийг үргэлж захиж анхааруулдаг гэнэ.

Ш.Онон, өөрийн тариалсан цэцгийн мандал дунд


Сараана цэцэг нь цэвэр ариун сэтгэл, гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл болдог. Латинаар “lilium” гэх буюу өөрөөр лили хэмээн нэрлэдэг тус цэцгийн тухай Эртний грекийн сонирхолтой домог бий. Геркулесийг ээж Хера нь хөхүүлж байгаад санаандгүйгээр сүү нь доош дусжээ. Ийнхүү эхийн сүү диваажингийн хашаанд дуссан нь сүүн зам болж, дэлхий дээр унасан нь Сараана цэцэг болсон гэж үздэг. Хайрын бурхан Венус сараана цэцгийг хараад түүний гоо үзэсгэлэнд атаархан төгс төгөлдөр байдлыг нь далдлахын тулд цэцгийн дэлбээний голд дохиур бий болгосон байдаг. Яг л домогт өгүүлэгддэг эхийн сүү шиг цагаахан сараана цэцгүүд Ж.Мягмардоржийн хашаанд дохиураа салхинд ганхалзуулан найгана.


II.


Ж.Мягмардоржийн гэр бүл хүнсний ногоогоо зөвхөн өөрсдийн хэрэгцээнд зориулан тарьж ургуулдаг гэдгийг сурвалжлагын эхэнд дурдсан. Энэ жил байцаа, сонгино, лууван зэрэг нь гойд сайхан ургажээ. Мөнхүү өргөст хэмх, улаан лооль, сармис, манжин гээд бүхий л хүнсний ногоог тэд тариална. Хамгийн гол нь элдэв химийн хольцгүй, цэвэр хөрсөнд тарьж ургуулсан гэдгээрээ онцлогтой. Бас ногоо тариалалтын нарийн хуваарьтай. Учир нь энэ жил төмс тарьж ургуулсан хөрсөнд дараа жил нь лууван тариалах гэх мэтээр сөөлжилж тариалдаг байна. Үгүй бол олон жил нэг төрлийн ногоог дараалан тарьсан хөрс амархан мууддаг хэмээн Ж.Мягмардорж өгүүлж байлаа. Ингэж сөөлжиж тарьснаар газар шороо нь үр шимгүй болж муудахгүй, элдэв төрлийн зэрлэг ногоо ургах нь багасдаг давуу талтай. 







Хашаандаа гурван тоннын усны багтаамжтай төмөр сав байрлуулсан харагдана. Түүнчлэн хашаанд байрлах худагнаас даралтат төхөөрөмжөөр шууд усаа соруулж авна. Харин тариалангийн талбайн дундуур нарийн төмөр хоолой гүйлгэж татсан нь усыг бүлээсгэх зориулттай ажээ. Учир нь амьд организмыг хүйтэн усаар услахад цочирдох, гэмтэх зэрэг эрсдэл тохиолддог бөгөөд энэ нь цэцэг тарихад илүү анзаарагддаг байна. Тиймээс болж өгвөл “Хашаандаа мод, цэцэг, хүнсний ногоо тарьдаг айлууд нарийн төмөр хоолойгоор ус гүйлгэж ургамлаа арчилвал их сайн. Зуны цагт төмөр гаднаасаа халах учир доторх ус нь сайхан бүлээсчихдэг” хэмээн Ж.Мягмардож зөвлөнө. Ер нь хэт хүйтэн ус нь аливаа ургамлын хөрсөнд нөлөөлж ургах явцыг нь буруулдаг байна. 


III.


Гэрийн эзэгтэй Ш.Онон зуны улиралд өглөө 4 цагт босож талбайн зэрлэгээ зулгаана. Энэ зуур талбайгаар явах зуураа шинэхэн тарьсан мод, цэцэг, ногооны ургах явцыг ажиглаж, гэмтэж бэртсэн зүйл байгаа эсэхийг шалгана. Үүний дараа өглөөний цайгаа чанаж бэлдчихээд ажилдаа явдаг ажээ. Тэрбээр одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот дахь “Сүхбаатар хөгжил тохижилт” ОНӨАЖҮ-ийн газарт ерөнхий менежер хийдэг. Өөрийнх нь дор ажиллаж буй 80 гаруй хүнийг удирдан чиглүүлж, үүрэг даалгавар өгөхөөс гадна ихэнх ажилд гар биеэр оролцож, бусдадаа зөвлөгөө өгдөг гэнэ.


Харин үдээс хойш Ш.Онон өргөст хэмхээ даршлах ажилд цагаа зарцуулна. Зоорьт буй тавиур дээрээ даршилсан сармис, байцаа, улаан лооль зэрэг шилтэй ногоонуудыг дүүрэн өрсөн харагдана. “Би олон ажил руу зэрэг зэрэг үсчих дургүй хүн. Миний “хобби” анхнаасаа л цэцэг ногоо тарих, Монголд байхгүй ховор содон моддыг Сэлэнгийн хөрсөнд ургуулах байсан. Тиймээс одоог хүртэл энэ ажлаа л хийж явна” хэмээн тэр ярина.







Анх тарьж ургуулсан ногоо, модны үр суулгац зэргийг зах зээлд гаргаж борлуулахад хүндрэлтэй байжээ. Энэхүү хүндрэлийн хамгийн гол асуудал нь монголчууд эртнээс тариалан эрхэлдэггүй байсантай холбоотой гэнэ. Нөгөөтэйгүүр мод, ургамлын талаарх ойлголт одоогийнхтой адил сайтар төлөвшөөгүй байсан нь асуудал болсон байна. Харин одоо бол “хэцүү зүйл үгүй” гэж бардам хэлж байлаа. Сэлэнгэ аймагт жилдээ 3- 4 удаа тариа ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг болж, энэ нь тариаланчид тарьж ургуулсан бүхнээ сурталчлахаас гадна нийтэд борлуулах томоохон гүүр болж өгнө. Харин энэ онд дэлхий нийтээр COVID-19 цар тахлын халдвар гарсантай холбоотойгоор олон нийтийн үзэсгэлэн зохиогдоогүй ажээ. Тиймээс Ш.Онон сүүлийн үед утсаар яриад л ихэнх борлуулалтаа хийдэг болчихсон гэнэ. Учир нь шинэхэн ургац, ховор нандин мод, цэцэгнийхээ үрийг голдуу Сэлэнгэ аймагтаа борлуулна. Энэ жил гэхэд л сараана цэцгийн нэг бүтэн эгнээг нь хүн худалдаж авахаар хэдийнээ яриад тохирчихсон байв. Тиймээс Ж.Мягмагдорж, Ш.Онон хоёр “Цэцгүүдээ гэмтээлгүй түүх, боож баглах гээд олон ажил ундрах төлөвтэй” хэмээлээ.


Энэ мэтчилэн тэд нэг жилийн ургацаас нийтдээ 20-30 гаруй сая төгрөгийн ашиг олдог байна. Үүний ихэнх орлого нь жимсний болоод ховор нандин модод, түүний үрийг нь зарж борлуулснаас бүрддэг ажээ.


IV.


“Цэцэг тарихаар их аз жаргалтай болдог. Арчилж ургуулахад усалгаа хамгийн чухал. Ер нь цэцэгс нэгнээ харж их сайхан ургадаг. Олон жилийн өмнө нэг эмгэн надад “Цэцэг тарьсан айлийн хүмүүс уурлаж бухимдах нь цөөхөн, сэтгэл нь уужуу тайван байдаг” гэж хэлсэн юм. Би өглөө босоод л “ямар сайхан ургаж байна вэ” гээд л цэцгүүдтэйгээ өөрийн эрхгүй ярьчихсан явж байдаг. Тэгэх бүрийд минь улам л сайхан ургаж байгаа мэт санагддаг. Ер нь ургамал өөрөө амьд организм гэдгийнхээ хувьд хүний зан араншин, үг яриаг ойлгодог ч юм бил үү” гэж Ш.Онон хэлэв. Тэгээд л хүнсний ногооноос илүү цэцэгнүүддээ хайртай байдаг гэсэн юм.











Тэдний хашаанд ургаж байгаа хамгийн ховор жимс нь улаан интоор гэлээ. Бас мойл, үрэл тарьжээ. Мойлны ясаар голдуу үрсэлгээ хийдэг ба улаан интоорыг жимсний компот хийхэд түлхүү ашиглана. Сэлэнгэ аймагт тариалан эрхэлдэг айл өрхүүд яг одоогоор улаан интоорыг ихэд сонирхон тариалах болжээ. Бас алимны модод тариалдаг бөгөөд хэдхэн хоногийн өмнө ургацаа хурааж авчээ.







Харин одоо түүний хамгийн гол зорилго нь Монгол Улсад байхгүй ховор модыг тарьж ургуулах гэнэ. Модныхоо үрийг ихэвчлэн Орос улсаас сонгож авдаг аж. Учир нь газар нутгийн онцлогийн хувьд нэг бүс нутаг гэдгээс хамааран Оросоос оруулж ирсэн ургамлын үр Сэлэнгийн хөрсөнд илүү сайн зохицдог байна. Ийнхүү ховор нандин модыг оруулж ирэхээс гадна орон нутагтаа тухайн моддыг нутагшуулах нь гэрийн эзэгтэй Ш.Ононгийн туйлын хүсэл юм. “Би нэг Украин кино үзэж байгаад цэнхэр гацуур харсан. Үнэхээр гоёмсог харагдаж байсан. Тиймдээ ч цэнхэр гацуурыг тарьж ургуулахаар зүтгэж байгаа. Жишээ нь Сэлэнгэ аймгийн төвд цэнхэр гацуурыг гудамж дагуу жирийтэл сайхан тариад ургуулчихвал хэчнээн гоёмсог харагдах бол гэж боддог. Энэ л миний мөрөөдөл болоод байна даа” гэж ярина.


Хашаанд ургаж буй бүхнийг хайрлах сэтгэгдэл төрнө. Тэндээс олон цэцэгсийн гоёмсог үнэр ханхалж, өнгө өнгийн мандарваа алаглан харагдана. Ургамлын ногоон өнгө нь хүний мэдрэлийн систем, нүдний ядаргааг арилгаж тайвшруулдаг ажээ. Тэр л амар амгалан сэтгэлийнхээ гүнд Ж.Мягмардорж, Ш.Онон нар “цэнхэр гацуур” шиг үзэсгэлэнтэй, ховор нандин бүхнийг тарьж ургуулах мөрөөдлөө хадгалж явна. Эхний алхмаа хэдийнээ хийж цэнхэр гацуурынхаа үрийг нь суулгачихсан байв. Удахгүй цэнхэр гацуур ургана. Ургаж буй бүхнийг чин сэтгэлээсээ хайрлаж чадах сэтгэл тарьсан хүмүүст нь бий гэдэгт эргэлзэлгүй итгэж байна.


Гэрэл зургийг | Б.Чадраабал

Холбоотой мэдээ