Хүүхэд харах үйлчилгээний 160 төв маргаашаас ажиллаж эхэлнэ

Монголын мэдээ | Нийгэм
sodonizm@gmail.com
2020-09-14 16:31:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний 160 төв маргаашнаас үйл ажиллагаагаа эхэлнэ.


Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг 2015 онд баталснаар, 2016 оны дөрөвдүгээр сард анхны төв нээгдсэн. Одоогийн байдлаар тус үйлчилгээнд 21 000 орчим хүүхэд хамрагдаж, 1100  гаруй хүүхэд харагч бэлтгэгджээ.


Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Өлзийбат өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр, “Улсын хэмжээнд 2-3 насны 77 мянган хүүхэд байна. Үүнээс 3 мянган хүүхэд энэ оны дуустал хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломжтой.  Хүүхэд харах үйлчилгээнд улсаас 2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ шийдвэрийг эсэргүүцэж, хүүхэд харах үйлчилгээний оронд цэцэрлэг барихыг дэмжиж байгаа хүн олон байна. Гэвч 2 тэрбум төгрөгөөр 100 ортой нэг цэцэрлэг барих, хүүхэд харах үйлчилгээгээр 3000 хүүхдийг хамруулах сонголтын аль нь илүү гэдгийг бодох хэрэгтэй. Засгийн газар, Улсын Онцгой комисс хүүхэд харах үйлчилгээнд 2020-2021 онд 2-3 насны хүүхдүүдийг хамруулахаар болсон. Ингэснээр хүүхэд харах үйлчилгээний 160 орчим төв үйл ажиллагаагаа маргаашнаас эхлүүлэх гэж байна” хэмээн тодотгов.


Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн нэгдсэн холбооны тэргүүн С.Шүрэнцэцэг “Улсын хэмжээнд 1000 гаруй хүүхэд харагчийн 80 орчим хувь нь дээд боловсролтой, эрүүл мэндийн аливаа асуудалгүй, 18-65 насны хүүхэд харах үйлчилгээний сургалтад бүрэн хамрагдсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харах төвд хүүхдийн онцлогт тохируулан харилцах чадварын сургалтад хамрагдсан. Нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ 2.5 м.кв байдаг. Мөн хоол цай хийх өрөө нь хүүхдийн тоглох орчноос тусдаа байгаа. Цагийн хуваарь нь эцэг, эхийн ажлын цагтай уялдуулан өглөөний 8-18 цаг хүртэл ажиллана. Улсаас сард нэг хүүхдэд 136 мянган төгрөгийн хувьсах зардал олгодог. Нэг хүүхэд харагч таван хүүхэд харах бөгөөд хувьсах зардлын 60 хүртэлх хувьд эцэг, эхээс төлбөр авна хэмээн хуульд заасан. Үүнд үндэслэхийн сацуу хүүхэд харагч, эцэг эх хоорондоо зөвшилцөн сард 150 хүртэлх мянган төгрөгийн төлбөр авдаг” гэлээ.

 


Холбоотой мэдээ