Нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны гишүүдтэй уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2020-09-12 11:14:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны гишүүдтэй уулзлаа.

Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийг 10 дугаар сарын 15-нд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга болон гишүүдэд үүрэг зөвлөмж өгөв.  


Нийслэлийн Сонгуулийн хорооны Нарийн бичгийн дарга Б.Амартүвшин “Сонгуулийн хорооны гишүүдэд орон нутгийн сонгуулийн шинэ хуулийн онцлог, хуулиар зохицуулах асуудлаар гарч болох бэрхшээл болон сонгуулийн бэлтгэл ажлын талаарх зөвлөмжийг нийслэл, дүүргийн 63 албан хаагчид өгч байна. Дүүрэг бүр онцлогтой. Тухайлбал, Баянзүрх дүүргийн тухайд 102 санал авах байранд 900 гаруй төрийн албан хаагч, Сонгинохайрхан дүүрэгт 120 гаруй санал авах байранд 1100 орчим төрийн албан хаагч ажиллаж байна” гэв.  


Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00-20:00 цагт санал авах байранд авна. Иргэд, сонгогчид тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно. Сонгуулийн хорооны ажилтныг хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, халах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно. Төрийн албаны тухай хуулийн 61.1.4-д албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүнийг тухайн ажиллаж байгаа байгууллага эсвэл цагдаагийн байгууллагаар хамгаалуулахаар заасан гэдгийг СЕХ-ноос нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны гишүүдэд мэдээлсэн юм.  

Холбоотой мэдээ